Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав

Мэдээ

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг УИХ пүрэв гарагт соёрхон баталлаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонын хөнгөлөлттэй зээл авахад нэг шат ойртлоо. Энэхүү зээлийн хүү 0.2 хувь, эргэн төлөх хугацаа нь 30 жил байх юм. Үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байна. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа, харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан ирэх гуравдугаар сард болох бөгөөд дээрх зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг судалж үзэхээр төлөвлөжээ. Зээлийн эх үүсвэрийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна гэж Засгийн газар мэдээлсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна.




САНАЛ БОЛГОХ