Татварын багц хууль “борвиндоо баас”-тай батлагдав уу

Нийтлэлчийн булан


Чуулганы цөөн хоногт баригдаж уг хуулийн “усыг нь шахах” боломжийг өгсөнгүй


Нэг жилийн өмнө Европын холбооны “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас арайхийж гарсан Монгол Улс, татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхээр өнгөрсөн баасан гарагт УИХ-аас “Татварын багц хууль”-ийг баталсан.


Европын холбооноос гадна Олон улсын валютын сангаас ч BEPS буюу татвараас зайлсхийх, оффшор бүс рүү ашгаа шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрийн шаардлагад нийцүүлж, татварын хуулиа шинэчил гэсэн үүргийг Монгол Улсад өгөөд байв. BEPS нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Их-20-ийн орнууд хамтран боловсруулж, баталсан хөтөлбөр юм. Харин Монгол Улс олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр баталсан хууль нь дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд нэн халтай хэрэгжихээр болсон нь эрхгүй анхаарал татах боллоо.
 
Тодруулбал, багц хуулийн төсөлд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиуд бий. Ээлжит бус чуулган ганцхан долоо хоногт эдийн засгийн гол тулгуур болох учиртай татварын багцад багтсан гурван хууль, тендерийн хуулийг үнэхээр л хэлэлцсэн гэх нэр зүүж баталсан бол, маргааш ашигт малтмалын хуулийг мөн л “машиндаж” гаргах төлөвлөгөөтэй байна.

ТАТВАРЫН ХУУЛЬ БА СӨРӨГ ХҮЧИН

Буушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр яарч баталсан татварын хууль нь Үндсэн хуулийг давсан, хүний эрхийг орхигдуулсан, төрийн байгууллагад шүүхээс илүү эрх мэдэл олгосон болохыг парламент дахь сөрөг хүчин шүүмжилж байгаа нь зүй ёсны хөндөх асуудал мөн билээ.

Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 70.1-д бусдын хөрөнгийг өр барагдуулах нэрийн дор шүүхийн шийдвэргүйгээр хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчийн барьцааны зүйлээс татварын өр барагдуулах, батлан даагчаас өр барагдуулах зэрэг шууд дээрмийн шинжтэй заалтууд оржээ. “Энэ нь Үндсэн хуулийн 16.6.3-ыг зөрчсөн, өмчлөх эрхийг тусгайлан зааж өгсөн эрхийг орхигдуулсан” гэж парламент дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн нь анхаарууштай өнцөг яах аргагүй мөн юм.

Энэ хуулиар татварын байцаагчийн тогтоосон битүүмжилсэн хөрөнгийн анхны үнийг өмчийн эзэн хүлээн зөвшөөрөхгүй байх ч эрхгүй болж байгаа юм. Хэрэв “Өмчийг маань үнэгүйдүүлж байна” гэж маргаан гаргах бол тухайн хөрөнгийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тавихыг татварын байгууллагаас тулгах болж байна. Тэгэхээр өмчөө хамгаалж маргаан үүсгэхэд би ч, та ч дахин, дахин мөнгө төлөх болно гэсэн үг. Энэ мэт ойлгомжгүй, нэг талд давамгай, нөгөө талд хохиролтой үйлчлэх олон заалт энэ хуульд бий. Жишээлбэл, та татвараа нөхөж төлчихөөд, өмнө нь битүүмжлэгдэж, хураагдсан түр барьцаанд байгаа хөрөнгөө эргүүлж авах боломжгүй болж байгаа заалтыг манай хууль тогтоогчид анзааралгүй баталсан гэвэл туйлын харамсалтай санагдана.

Татварын байгууллага бол эд хөрөнгийн үнэлгээг тогтоодог байгууллага биш. Тэр тусмаа шүүхийн шийдвэргүйгээр хураан авсан хөрөнгөө дур мэдэн зарж, өр барагдуулдаг байгууллага байж бүр ч болохгүй.

Татварын шинэ хуулиар татварын байцаагчийн торгох эрхийг нэмэгдүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсгэж ч мэдэхээр байна. Тухайлбал, суутган татвар төлөөгүй, түүнийгээ тайлагнаагүй бол татвар төлөөгүй дүнгийн 50 хувиар торгоно гэж заажээ. Торгуулийн дүн нь өөрөө 50- 100 хувь гэдэг өндөр дарамт үүсгэж байна. Татварт төлөх орлогоо нуун дарагдуулсан гэж үзвэл тухайн этгээдийг торгох торгуулийн хэмжээг 100 хувь хүртэл гэж заасан байгаа. Торгуулийн хэмжээ ийнхүү өсөх хэрээр авлига, ашиг сонирхлын зөрчил үүснэ. Далд эдийн засаг хөгжиж, тэлэх нөхцөлийг бий болгоно. Дээр хэлсэнчлэн татварын өр барагдуулах албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг чангаруулахдаа мөн л авлигын нөхцөл рүү түлхсэн гэж харагдахаар байна. Тухайлбал, татварын байцаагч өөрийн үзэмжээр, шүүхийн шийдвэргүйгээр орон байр, автомашиныг битүүмжлэх нь эрсдэлтэй. Хөдлөх хөрөнгөд эзэмших эрхийг татварын байцаагч эдэлнэ гэсэн үг. Хүний өмчийг зорилготой үнэгүйдүүлээд, дуудлага худалдаа хийсэн нэрээр луйвардаж ч болох боломжийг олгосон ноцтой заалт юм.

БИЗНЕСМЭНҮҮД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХИЙГ НЭХЭВ

Энэ хуулийг тойрсон сөрөг хүчний улс төрийн акц дээр бизнесмэнүүдийн эсэргүүцэл хүч нэмлээ. Тэгэхдээ бизнесмэнүүд хөрөнгө оруулагчдын эрхийг энэ хуулиас нэхэж байна.

Татварын өр нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж хуулийн төсөлд тусгасан байв. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах нь маш буруу гэж МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин мэдэгдэв. Тухайлбал, Монгол Улс “Оюутолгой” компанитай татварын маргаантай. Тус маргаан дээр яригдаж буй мөнгөн дүн 150 сая ам.доллар. Энэ тохиолдолд яах ёстой вэ? 20 сая төгрөгийн татварын өртэй хүнд тавих хилийн хориг “Оюутолгой” зэрэг хөрөнгө оруулагчдад хамаатай юу гэх мэт ойлгомжгүй, зөрчилдөөнтэй асуудлууд олон гарч ирж байна.

Татварын багц хуульд шууд дээрмийн шинжтэй заалтууд оржээ
Тиймээс ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой. Татварын маргаан таслах зөвлөл дээр оролцоог тэнцүү байлгах ёстой. Тэгж байж эрүүл шийдвэр гарна гэж бизнесийнхний эрхийг хамгаалах гол байгууллага үзэж байгааг энд дурдъя.

Ийнхүү УИХ дахь сөрөг хүчний завсарлага, бизнесмэнүүдийн акц Татварын багц хуулийн төслийг юутай ч олон нийтийн анхаарлын төвд авчирлаа. Баасан гарагийн орой баталсан татварын хуульд “Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлнэ гэж томьёолохоор болов.

Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байх гэсэн заалтаа зөөлрүүлж, эрх бүхий байгууллага, татварын албанд хандах эрхтэй байхаар өөрчлөн найруулсан юм.

Татварын багц хууль олон жил яригдаж ирсэн. Цаашид ч олон жил үйлчлэх болохоор нухацтай хандах ёстой. Нэг сарын наана цаана байлаа гээд ач холбогдол нь алдагдахгүй. Гэтэл УИХ заавал ээлжит бус чуулганы цөөн хоногоор шахаж, уг хуулийг өргөн хүрээтэй хэлэлцэх, усыг нь шахах боломжийг гишүүдэд өгсөнгүй.
САНАЛ БОЛГОХ