АSЕМ-ийн хүрээнд хийгдэх нисэх буудлын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

Мэдээ

АSЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нийт 43 ажлын төлөвлөгөө боловсруулан хийж байна. Одоогоор гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас мэдээллээ. Хамгийн далайцтай ажил болох нисэх буудлын аэродромын агаарын хөлгийн зогсоолыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу нийт есөн зогсоол шинээр байгуулж, аэродромын хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 метр хэсэгт хүчитгэлийн ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Аэродром арчлалтын машин механизм, тоног төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангах асуудлыг ч мөн шийдвэрлүүлээд байна. Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт дээд түвшний уулзалтаар 23 улсын 28 агаарын хөлөг буух захиалга ирээд байгаа бөгөөд ачаалал нэмэгдэх учраас олон улсын ирэх зорчигчдын танхимд Иргэний Харьяалал Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын “Буянт-Ухаа” дахь газрын хилийн шалган нэвтрүүлэх найман цэгийг иж бүрэн шинэчилжээ. Олон улсын зорчигчдод зориулсан зай талбайг өргөтгөх, шинээр транзит танхим зохион байгуулах, транзит танхимын иж бүрэн тохижилт, засварын ажил, олон улсын явах зорчигчдын танхим, агаарын хөлөгт суух хоолой, гадаад хүндэт зочны төв танхимыг шинэчлэх, гэрэлтүүлгийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Хэдий тийм боловч арга хэмжээний үеэр буюу 13-16-ны хооронд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглоод байна. Зорчигчдыг үдэх болон тосох автомашинуудыг Буянт-Ухаа Спорт цогцолборын зогсоолд байршуулан, хяналт шалгалт хийснээр тусгай унаагаар хүлээн авч цааш нэвтрүүлэхээр болоод байгаа юм.


САНАЛ БОЛГОХ