Эдийн засгийн бүс байгуулах хөтөлбөрийн хүрээнд батлагдсан төслүүдээс 16 нь тээвэр, дэд бүтцийн салбарт хамаарна

Мэдээ

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр батлагдсан Эдийн засгийн бүс байгуулах хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Эдгээрээс 16 төсөл нь зам, тээвэр, дэд бүтцийн салбартай холбоотой юм. Ялангуяа төмөр замын Төв коридорийг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлахаар талууд тохирсон нь Улаанбаатар Төмөр замыг цахилгаанжуулж, хос болгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Энэхүү төслийн өртөг 5-6 тэрбум ам.доллар юм байна. Гурван талт хэлэлцээрт Монголын талыг төлөөлөн ажиллаж байгаа Гадаад хэргийн яамны мэдээлснээр Улаанбаатар төмөр замын транзит тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал жилд 20 сая тонн ачаа дамжуулан тээвэрлэж байгааг 100 сая тонн болгох саналыг дээрх уулзалтаар ОХУ-ын Төрийн тэргүүн онцоллоо. Эдийн засгийн тооцооллоор Улаанбаатар төмөр замын транзит тээврийг 10 сая тонноор нэмэгдүүлэхэд тус компанийн орлого хоёр дахин нэмэгдэх юм байна. Цаашлаад транзит тээврийг 40-50 сая тонн болгож нэмэгдүүлбэл, орлого нь “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд хүрэх ажээ. Харин 100 сая тоннд хүргэвэл эдийн засгийн өгөөжийн хэмжүүрээр “Оюу Толгой” төсөлтэй тэнцэх төсөөлөл байдаг байна. Ийнхүү Монгол Улсын хувьд газар зүйн байршлаа ашиглаж тээврийн үйлчилгээний экспортоос их хэмжээний орлого олох боломж нээгдэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ