Монгол Улс, БНХАУ-ын тал 15 баримт бичигт гарын үсэг зурлаа

Мэдээ

ASEM-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ. Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохоор улс орнуудын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хүрэлцэн ирж байгаа юм. Зарим улс орны Төр засгийн тэргүүн Монгол Улсад албан айлчлал хийж эхлээд байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан нар хэлэлцээ хийж, талууд нийт 15 баримт бичигт гарын үсэг зуран баталгаажуулжээ. Хоёр улсын хоорондын баримт бичгийн дийлэнх нь эдийн засгийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээрээс бүрдэж байгаа юм. Нийт 12 баримт бичигт хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд дийлэнх нь дэд бүтцийн төслүүд давамгайлжээ. Тухайлбал эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ, БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд гурван сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал, "БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар" хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ болон БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх зарим төслийн асуудлыг шийджээ.

Мөн Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичгийг байгуулсан байна. Талууд БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд үүнд Баянхонгор аймгаас “Байдраг”-ийн гүүрний 129 км автозам, Тосонцэнгэл-Улиастай хүрэх 114 км автозам, “Улаанбаатар хотоос “Хөшигийн хөндий”-ийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ багтжээ. Харин энэхүү зээлийн хүрээнд хэрэгжихээр яригдаж байсан хамгийн том төсөл болох "Эгийн гол"-ын УЦС-ын асуудал хөндөгдөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын хүсэлтийн дагуу БНХАУ хөрөнгө оруулалтаа царцаасан гэж мэдээлсэн юм. Мөн үүнээс гадна хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө болон МҮОНРТ, БНХАУ-ын Олон улсын радио болон тус улсын Төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.


САНАЛ БОЛГОХ