Дмитрий Медведев: Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй

Мэдээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АSЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр пүрэв гарагийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтын гол сэдэв нь Эгийн голын Усан цахилгаан станцын асуудал байв. Ерөнхийлөгчийн  зүгээс "Эгийн гол нь мөнх цэвдгээс эх авдаг. Усыг нь эргэлтэд оруулахгүй бол урсгал нь саарах эрсдэлтэй. Усан цахилгаан станцыг барьснаар Эгийн голын усыг хуримтлуулж, эргэлтийг сайжруулах боломжтой. Байгаль нуур бол бидэнд аль алинд нь хамаатай учраас Монголын тал Байгаль нуурт халтай зүйл хийхгүй" гэсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхий сайд тус улсын байр суурийг дахин бататгаж, "Эгийн голын Усан цахилгаан станцын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгаль нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ" гэсэн байр суурийг илэрхийлжээ. Дмитрий Медведевийн хувьд АSЕМ-ийн уулзалтын үеэр Германы Канцлер Ангела Меркель тэргүүтэй Европын улс орны тэргүүн нартай уулзах хүлээлттэй байна. Талуудын харилцаа сайнгүй байгаа бөгөөд саяхан Европын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо хоёр жилээр сунгах шийдвэр гаргаад байгаа юм.


САНАЛ БОЛГОХ