Jeep Wrangler-ийн 75 жилийн ойн загвар

Авто зах зээл

АНУ-ын Огайо муж улсад байрладаг Willys-Overland Motor компанийн угсрах шугамаас анхны машиныг 1945 оны долдугаар сарын 15-нд гаргасан түүхтэй. Америкийн Засгийн газрын захиалгаар цэргийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл эхэлснээс хойш 75 жил өнгөрлөө.

Энэ ойд зориулан домогт Jeep-ийн үйлдвэрээс Wrangler тусгай загварыг гаргажээ. Jeep Wrangler бол Willys МВ загварын алдар нэрийг залгамжлагч агаад америкчуудын хайртай машинуудын нэг хэвээр байна.

Өнгөрсөн онд Jeep Wrangler АНУ-д 202702 ширхэг борлогдсон нь SUV ангилалд Ford Explorer-ийн дараа хоёрдугаарт бичигдэв. 75 жилийн хөгжлийн явцад уг загварын дизайн нэг их өөрчлөгдөөгүйг зургаас харж болно. Уламжлалт дүр төрх өөрчлөгдөөгүйг харуулахын тулд үйлдвэрлэгчид хамгийн эхний Willys-тэй бараг адилхан загвар гаргалаа. 3.6 литрийн багтаамжтай хөдөлгүүр, зургаан шатлалтай араатай энгийн спорт Jeep Wrangler-ийн бүхээг, хаалгыг авч, хуванцар буферыг төмрөөр сольсны дээр тросоор татах дэгээнүүд байрлуулсан байна. Одоогийн дугуйг хуучны нарийн тэгш хээтэй дугуйгаар сольжээ. Дотроос нь орчин үеийн бүх хэрэгслийг авч, аюулгүйн бүс, толгойн түшлэггүй энгийн сандал байрлуулсан аж.

Анхны загварыг санагдуулахын тулд шороон ногоон өнгөөр будаж, цэргийн тэмдэг, дугаар тавьсан харагдана. Мэдээж энэ машиныг дахиад зэвсэгт хүчний хэрэгцээнд нийлүүлэхгүй. 75 жилийн ойн Wrangler бол анхны загваруудыг алдаршуулах дурсгалын загвар тул музейд хадгалагдах болно. Харин Jeep Wrangler-ийн дараах үеийн шинэ загварыг 2017 онд гаргахаар төлөвлөж байна.


САНАЛ БОЛГОХ