Дэлхийн хамгийн том далайн нөөц газар

Мэдээ

АНУ-ын Төрийн тэргүүн Хавайн эргийн Папаханаумокуакеа үндэсний дурсгалт газрыг өргөжүүлж, дэлхийн хамгийн том далайн цогцолбор газар байгуулахаар болсноо Цагаан ордноос мэдээлэв.

Тус улсын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн анх байгуулсан Папаханаумокуакеа үндэсний дурсгалт газрын талбайн хэмжээ 1.5 сая ам километрээр тэлэхээр болжээ. Ингэснээр хамгаалалтад орсон талбайн хэмжээ Техас муж улсын газар нутгийг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх юм.

Тэмдэглэгээ бүхий газар загасчлах болон шинээр олборлолт явуулахыг хоригложээ. Ингэснээр 7000 гаруй төрөл зүйлийг хамгаалах хамгаалалт өргөжиж, дэлхийн дулаарал болон далайн хүчилжсэн усны улмаас алдагдсан тус газрын экосистемийг сайжруулах ач холбогдолтой юм байна.

Хавайн эргийн арлууд орчмын усны экосистемийн тэнцвэр хэт загасчлал болон бохирдол, хуванцрын хаягдал зэргээс болж алдагдаад байгаа юм. Хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын улмаас тэнгисийн ус хүчилжиж, химийн найрлага нь өөрчлөгддөг байна.

Судлаачдын хэлж буйгаар хамгаалалтад авсан талбайн хэмжээг нэмэгдүүлснээр уур амьсгалын өөрчлөлт болон далайн хүчилтэй уснаас болж шүрэн арлууд цайрах нь багасах аж. Уг шийдвэрийг загасны аж ахуй эрхлэгчид эсэргүүцэж буй ч далайн усыг олон төрлийн бохирдлоос хамгаалах бүрэн боломжтой юм байна. Нөөц газрын хамгаалалтад далайн бүс нутгийн хамгаалалт ихээхэн ахицтай байдаг байна. Тухайлбал, Их Британи Энэтхэгийн далайн хэд хэдэн хамгаалалтын бүс, Номхон далай Питкэрн арал, Атлантын далай дахь Вознесени арал орчмын бүсийг нөөц газарт бүртгэж, хамгаалдаг. Харамсалтай нь, хуурай газрын нутаг дэвсгэрт оршдог нөөц болон цогцолборт газрыг хамгаалах ажилд хүн амын өсөлт, газар тариалангийн улмаас олон бэрхшээл тулгарсаар байгаа билээ.


САНАЛ БОЛГОХ