Тээврийн хэрэгслийн импорт 4.7 сая ам.доллараар өсчээ

Авто зах зээл

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 105.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлт буурсан энэ үед хэрэглэгчид автомашиныг бэлэн мөнгөөр худалдан авах нь буурч, зээлээр авах хандлага нэмэгдэж байгаа аж. Харин Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Японоос оруулж байгаа автомашины импортын татварт өөрчлөлт оруулахаар болсон байна. Тухайлбал гарал үүслийн гэрчилгээнд нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нэр, лого, барааны код, ашигласан хугацаа буюу тоон тэмдэглэгээ хийсэн, 0-3 жил ашигласан автомашины импортын тарифыг чөлөөлөх ажээ. Гарал үүслийн гэрчилгээг импортлогч компани экспортлогч талаас авна гэж Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээллээ. Үүнээс гадна 4-6 жил ашигласан автомашины татвар ашигласан жилээсээ хамааран буурах зохицуулалттай болж, 10-аас дээш жил ашигласан автомашины импортын татвар чөлөөлөгдөхгүй буюу 10 хувь байхаар тооцсон байна. Харин шинэ автомашины үнэ 4.5-5 хувиар буурах боломжтой байгаа ч иений ханшийн нөлөөгөөр зарагдах үнэ нь төдийлөн буурах хандлага ажиглагдахгүй байна гэж автомашины гэрээт борлуулагч компаниуд онцолж байгаа юм.

Э.Төгөлдөр

Холбоо барих: tuguldur.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


САНАЛ БОЛГОХ