НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Антонио Гутереш томилогдов

Мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблей НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн даргаар ажиллаж байсан Антонио Гутерешийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын нэгэнд Бан Ги Мүний халааг хүлээн авах юм. Ингэснээр Антонио Гутереш НҮБ-ын 71 жилийн түүхэн дэх ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга болж байна. Харин Бан Ги Мүн шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргад баяр хүргээд, түүний улс төрийн арвин туршлага олон улсад энх тайван байдал тогтооход тус болно гэж үзэж байгаагаа онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Ноён Антонио Гутереш бол Португалийн Ерөнхий сайдаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан улс төрийн арвин туршлагатай хүн.

Тэрбээр цаашид улс төрийн мэдлэг туршлагаа ашиглан дэлхий дахинтай НҮБ-ын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэж бодож байна. Антонио Гутереш эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, энх тайван тогтоох ажлуудыг хийх ёстой гэдгээ ойлгон ухамсарлаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Антонио Гутерешийг 100 хувийн саналаар Ерөнхий ассамблейд санал болгосон юм. Үүнээс өмнө Аюулгүйн зөвлөлийн санал хураалтаар тэрбээр үнэмлэхүй ялалт байгуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн байна. Антонио Гутереш өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэл НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн даргаар ажиллаж байсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг сонгох Ерөнхий ассемблейн явуулсан албан бус зургаан удаагийн санал асуулгаар хамгийн олон саналыг авчээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн асан Антонио Гутереш "Нэг талаас бид террористууд болон хүчирхийлэл үйлдэгчдийн олон улс дахь харилцаа холбоог таслах нь хамгийн чухал асуудал. Нөгөө талаас популизмийг ч гэсэн таслан зогсоох хэрэгтэй. Энэ хоёр асуудал бие биенээ дэмжин дэвэргэж байгаа учраас аль алинынх нь эсрэг тэмцэх ёстой" гэж онцоллоо.



САНАЛ БОЛГОХ