MOZALA-г ирэх сард хүлээлгэн өгнө

Мэдээ

Ирэх гуравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж буй монголчуудын анхны хиймэл дагуулыг бүтээх ажил үндсэндээ шувтарч байна.

“Сансрын инженерчлэлийн программ, түүний хэрэглээ” төслийн хүрээнд Япон улсын Кюүшү технологийн институт дээр бүтээж буй MOZALA хиймэл дагуулыг ирэх сарын 23- нд ЖАЙКА-д хүлээлгэн өгөх аж. Ингэснээр Монгол Улсын анхны хиймэл дагуул Японы сансрын ангентлагийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд байршина.

Арван шоо см хэмжээтэй MOZALA хиймэл дагуулаас сансрын уудамд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. Энэхүү хиймэл дагуулыг бид цаг уурын ажиглалтын зориулалтаар ашиглах юм. MOZALA-тай хамт Гана, Нигери, Япон, Бангладеш, Тайланд, Тайвань гэсэн орны дөрвөн ижил хиймэл дагуул хөөрөх бөгөөд хоорондоо мэдээлэл солилцох сүлжээ үүсгэнэ.

Монголын микро хиймэл дагуулыг Кюүшү технологийн институтэд докторантаар суралцаж буй гурван монгол оюутан бүтээж байгаа юм байна. Тэд MOZALA-ийн камерын дүрс боловсруулалт, тэжээл, төв процессорыг тус тусдаа хариуцдаг аж. Хоёр камерын нэг нь секундэд 2594х1944 мегапикселийн 15, нөгөө нь 320х240 мегапикселийн 120 зураг илгээх хүчин чадалтай. Харин тэжээлээ нарны эрчим хүчээр хангахаар бүтээж буй. Мөн 75 см-ийн урттай зурвасаар FM дохио дамжуулна.

MOZALA дэлхийг цаг тутам нэг бүтэн тойрох бөгөөд Монголын нутаг дэвсгэр дээгүүр хоногт 5-6 удаа дайран өнгөрөхдөө мэдээллээ илгээх аж. Түүнчлэн олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэж, хиймэл дагуулын байрлалыг өндөр нарийвчлалтай буюу GPS аргаар тогтоох юм байна. Мөн дэлхийн нам орбит дахь агаарын нягтрал, сансрын цацраг идэвх зэргийг тогтоох үүрэг гүйцэтгэнэ. MOZALA-ийн сансарт байрших хугацаа хоёр жил хэмээн тооцоолж буйг тус төслийн ажлын хэсгийн гишүүн М.Алтансүх хэллээ. Тэрбээр Монгол Улсад ажиллуулах газрын станцыг суурилуулах, найдвартай ажиллагааг хангах ажлыг хариуцахаар Кюүшү технологийн институт дээр 14 хоног туршлага судлаад ирсэн байна. Энд байрлуулсан газрын станцаар MOZALA-г удирдах, мэдээлэл харилцан илгээх, боловсруулах, байрлалыг нь дэлхийн аль ч хэсэгт байгаа газрын станцын мэдээллийг ашиглан тогтоох боломжтой аж.

САНАЛ БОЛГОХ