“Хадаан” Америкт хэдийнэ танигдаж эхэлсэн

Би үйлдвэрлэгч

Савлагаа, рекламанд их мөнгө зарахыг хүсээгүй

Монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч болсоор байгаа нь бидний амьдралд өнгө нэмж буй. Тэгвэл АНУ-д нэгэн монгол брэнд “мэндэлсэн” нь, тус улсад хэдийнэ танигдаж эхэлсэн сайхан мэдээ байна. Гоо сайхны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг тус улсад үйлдвэрлэж буй Э.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Хадаан” монгол брэндийг үүсгэн байгуулагч юм.

-“Хадаан” таны бодол санаанд хэзээ, хэрхэн биелсэн бэ?

-Оюутан цагаасаа л би гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг их сонирхсон. Охид, бүсгүйчүүдийг гоё сайхан зүйл хэрэглээсэй гэсэндээ гаднын зах зээлд ямар л шинэ бүтээгдэхүүн гарна, түүнийг Монголдоо хямд үнэ өртгөөр авчрахыг боддог байлаа. Тухайн үед Америкаас “Victoria’s Secret”-ийн арьс арчилгаа, хувцас, нүүрний будаг тэргүүтнийг авчирсан. Бас нэг шалтгаан нь миний өөрийн арьс эмзэг, харшламтгай болохоор хэр баргийн гоо сайхны бүтээгдэхүүн таардаггүй, хэцүү л дээ. Харин Монголд тэр үед сонголт бага байсан болохоор гадаадаас л байнга захиална, тухай бүрт зардал их гарна. Харин гурван жилийн өмнө гэр бүлээрээ АНУ- д ирснээр эрэл хайгуул хийж, өөр дээрээ хүртэл туршилт хийх болсон. Улмаар надтай адилхан асуудалтай хүмүүст мэдсэн, сурснаа хуваалцах хүсэл намайг хөтөлсөөр “Хадаан” брэндийн эхлэл тавигдсан юм.

-Нэр нь их өвөрмөц, дотно санагдлаа. Нэрийнх нь талаар ярихгүй юу?

-“Хадаан” монгол брэнд болохоор монгол нэр өгөхийг хүссэн. Гэхдээ цаашид зөвхөн Монголдоо бус, дэлхийн зах зээлд ч гаргах зорилготой байгаа болохоор аль ч орны хүн уншихад түвэггүй нэр сонгосон л доо. Монголын нууц товчоонд гардаг Сорхон шарын охин Хадаан гэж түүхэн хүний нэр.


-Бүтээгдэхүүнээ гаргахын тулд хэр удаан судалгаа хийв?

-Хоёр жил судалгаа хийсэн. Эцсийн бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө хэд хэдэн лабораторитай хамтарч олон ч туршилт хийсэн дээ. Бас төрөл бүрийн савлагаанд ч хийж үзсэний эцэст эцсийн бүтээгдэхүүнээ гар дээрээ авсан юм.

-Бүтээгдэхүүний гол давуу тал юу вэ?

-Харшил өгөхгүй учир эмзэг арьсанд ч тохиромжтой. Парабен буюу бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгахад хэрэглэдэг, хөхний хорт хавдар үүсгэдэг химийн бодис найрлагадаа агуулаагүй. Нүүрний будагнууд маань маш өндөр нягтаршилтай тул нэг удаагийн түрхэлтээр л тод гардаг тул бүсгүйчүүдэд хэмнэлттэй.

-Одоогоор хэдэн нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргасан бэ?

-Уруул өнгөлөгч, хөмсөг, нүд, уруулын харандаа, крем, энгэсэг, сормуусны будаг, уруулын будаг, контур тэргүүтэй нүүрний будаг. Мөн үрчлээний эсрэг өдөр, шөнийн болон зовхины тос гэх мэт арьс арчилгааны иж бүрдэл ч байна. Нийт 50 гаруй нэр төрлөөс “Хадаан” брэнд бүрдсэн.

-Өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн гэдгээрээ тун онцлог гэж харж байгаа. Яагаад заавал дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн хийх болсон юм бэ. Чанарыг урьтал болгохоос илүү монголчуудын хэтэвчинд тааруулах гэж хүмүүс хичээдэг биз дээ?

-Монгол бүтээгдэхүүн гэхээр монголчууд чанаргүй, муу, хямд байх ёстой гэсэн ойлголттой байдаг юм шиг санагддаг. Тэгсэн хэрнээ гаднын брэндийн, өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг үнэтэй гэж цааргалахгүй аваад байдаг. Тэгэхээр хүмүүсийн бодол, эсвэл боломжид нь тааруулж хийвэл олигтой юм болохгүй нь тодорхой. Дэлхийн брэндүүдийн хэмжээнд нийцсэн, чанартай хэрнээ арай илүү хямд байж чадвал охид, бүсгүйчүүд хэрэглэх дуртай байна шүү дээ. Тиймээс би дэлхийн зах зээлд ямар бүтээгдэхүүн эрэлттэй байна, түүнийг дээд зэрэглэлийн чанартай, боломжийн үнэтэйгээр монгол бүсгүйчүүддээ хүргэхийг зорьж ажиллаж байгаа.

-Гэхдээ дээд зэрэглэлийн чанартай гэхэд боломжийн үнэтэй гэж санагдсан... -Америк брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэх болгонд хувьдаа задаргаа хийж, бүтээгдэхүүний цэвэр үнэ нь хэд бол гэхчлэнгээр гайхдаг байлаа. “Хэр их мөнгө энэ гоё савлагаанд, хэд нь энэ загвар өмсөгчид зарцуулж байгаа бол. Энэ олон нэмэлт зардлыг хасаад монголчууддаа яг үнээр нь, сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хүргэх юмсан” гэж боддог байлаа. Манай брэндэд олон компани зар сурталчилгаа хийлгэх, төлбөртэй мэдээ гаргах санал тавьж байгаа. Харин бид анхнаасаа тиймэрхүү зүйлд их зардал гаргаж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг хүсээгүй. Тэр бүх илүү зардал гаргах мөнгөө харин бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахад зориулах болно.


-“Монгол эмэгтэйчүүд шороо, утаа, нар, салхинд ийм хөөрхнөөрөө байгааг нь үнэлэх хэрэгтэй” гэж хүмүүс хошигнодог. Наргиан ч гэсэн энэ үнэн. “Хадаан”-ы арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд Монголын уур амьсгалд тохирч чадсан уу?

-“Хадаан”-ы ихэнх бүтээгдэхүүн Монголын хуурай уур амьсгалд тохирсон, нар, салхинаас хамгаалах SPF-ийн найрлагатай. Түүнчлэн арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд маань С, Е аминдэм агуулснаараа давуу талтай. Зөвхөн нүүр будахаас гадна арьсанд тэжээл өгч, нарны хортой туяа, агаар салхины нөлөөллөөс хамгаалах боломжтой.

Дэлхийн тансаг брэндтэй чанараараа эн зэрэгцэнэ

-Нууц биш бол дараагийн зорилт тань юу вэ. Америкт монгол бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах уу, эсвэл дэлхийн технологийг Монголдоо нэвтрүүлж, үйлдвэрлэлээ энд хийх үү. Америкт хэдийнэ танигдаад эхэлсэн ч байж мэдэх юм?

-Дэлхийн технологийг Монголдоо нэвтрүүлэх бол миний нэлээд том, бас холын зорилгуудын нэг л дээ. Ойрын зорилт гэвэл Америкт брэндээ танилцуулж, Монголын нэрийг гаргах. Мөн “Amazon”-ы онлайн зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулж, дэлхийн хаанаас ч захиалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнүүдийг мэйк ап артистууд мэргэжлийн түвшинд хэрэглэж болохоор сайн чанартай, өндөр нягтаршилтай. Америкт танигдаж эхэлж байгаа. Монгол, Америкт байдаг мэйк ап артистууд манай бүтээгдэхүүнд их ам сайтай байдаг. Гаднын үйлчлүүлэгчид ч бас сэтгэл их хангалуун байгаа. Эхнээсээ байнгын үйлчлүүлэгч болсон.

-Монгол артистууд их хэрэглэж байгаа харагдсан...

-Охид, бүсгүйчүүд маш дуртай хүлээн авч, баяртай байгаа. Дэлхийн өндөр зэрэглэлийн брэндүүдтэй яг адилхан чанартай бүтээгдэхүүн хэрнээ маш боломжийн үнэтэй, дэргэдээсээ авах боломжтой гээд талархлаа илэрхийлсэн.

-Дараагийн бүтээгдэхүүн юу байх вэ?

-Одоогийн байдлаар матт уруулын будагны цуглуулга маань хоёр шинэ өнгөөр “бүл нэмж” байгаа. Удахгүй худалдаанд гарна. Дараа нь өөр шинэ бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөсөн. Манай монгол охид, бүсгүйчүүдийн их өргөн хэрэглэдэг, бас их таалагдах бүтээгдэхүүн байх болно.

САНАЛ БОЛГОХ