Монгол Улс АХБ-аас авах зээлээс 100 сая ам.долларыг нь банкны салбарт зарцуулна

Мэдээ

Монгол Улс Азийн Хөгжлийн банкнаас авах бодлогын зээлийн 100 сая ам.долларыг банкны салбарт чиглүүлэхээр төлөвлөжээ. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдах нь зөвхөн тус байгууллагаас бус бусад олон улсын зээлдүүлэгчдээс авах санхүүгийн дэмжлэгийн шугамыг нээхээр хүлээгдэж байгаа юм. Тухайлбал, Азийн Хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохирсныг Засгийн газар мэдээлж байгаа юм. Үүнээс 100 сая ам.долларын санхүүжилтийг "Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр"-т хэрэгжүүлэхээр зээлдүүлэгчтэй тохирсон байна.

Энэхүү зээлийг нэг үе шаттайгаар авах бол эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил байх юм байна. Эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бол зээлийн хүүг libor+0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм байна. Дотоодын банкны салбарын үзүүлэлтүүдийг эхний улирлын эцсийн байдлаар харвал банкнуудын нийт актив оны эхнээс 246 тэрбум төгрөгөөр өсөж, 25.17 их наяд төгрөг болжээ.

Санхүүгийн зах зээлд оролцогчдын 2016 оны үзүүлэлтийг харвал банкнуудын ашгийн хэмжээ 2015 онтой харьцуулбал 32 хувиар буураад байгаа юм байна. Энэ оны эхний байдлаар дотоодын банкны салбар зах зээлд нийт 95.45 хувийг санхүүгийн зах зээлийн бүтцэд эзэлж байгаа аж.

Харин Азийн Хөгжлийн банк 1991 оноос хойш Монгол Улсад санхүүгийн тусламж үзүүлж байгаагаас Засгийн газарт 1.5 тэрбум ам.долларын зээл олгосон байдаг байна.


САНАЛ БОЛГОХ