TRQ: Орлого 237.5 сая ам.доллар болж, улирлын дүнгээр 5.7 хувиар өссөн

Мэдээ

“Оюу Толгой”-ийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources”-ийн эхний улирлын тайлан гарлаа. Канадын Ванкуверт төвтэй тус компанийн мэдээлснээр оны эхний гурван сарын хугацаанд “Оюу Толгой”-ийн алт зэсийн баяжмалын БНХАУ-ын худалдан авагчдад хийсэн борлуулалтын орлого дийлэнхийг бүрдүүлж, 10 гаруй хувийг нь бусад хувь худалдан авагчдад борлуулсан бүтээгдэхүүний орлого эзэлсэн байна. Харин борлуулсан зэсийн баяжмалын нэгж бүтээгдэхүүний үнэ тайлант хугацаанд өсөлттэй байснаар “Turquoise Hill Resources”-ийн орлого оны эхний улирлын дүнгээр 237.5 сая ам.доллар болж, улирлын дүнгээр 5.7 хувиар өсжээ. Нийт борлуулалтын орлогоос “Turquoise Hill Resources”-ийн хувь эзэмшигчдэд ногдох орлого 41 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд 0.02 ам.доллар байжээ. Одоогоор “Rio Tinto” групп “Оюу Толгой”-ийн 50.8 хувийг эзэмшдэг юм.

2017 оны I улиралд “Оюу Толгой”-ийн уурхайн баяжуулах хэсэг дээд хүчин чадлаар ажилласан байна. Боловсруулалтад орсон хүдрийн хэмжээ эхний улиралд 2.7 хувиар нэмэгдэж, өдрийн дундаж гарц 5.1 хувиар өссөнөөр 112.1 мянган тонн болжээ. Цаашлаад 21.6 хувийн зэсийн агууламжтай 176 мянган тонн баяжмал гаргасан байна. “Оюу Толгой” төслийн хувьд эхний улиралд гүний уурхайн бүтээн байгуулалтад 136.4 сая ам.долларын зарцуулалт хийжээ.

Ийнхүү 2016 оны нэгдүгээр сараас хойш 363.2 сая ам.долларын зарцуулалт гүний уурхайд хийж, 2020 оноос эхний олборлолтоо хийхээр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн энэ оны эхний улиралд багтан буюу гуравдугаар сарын 12-ны өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-тэй эрчим хүч худалдах, худалдан авах зургаан жилийн гэрээ байгуулсан байна. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь БНХАУ-ын Өвөр Монголын “Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компанитай импортын гэрээ байгуулсны үндсэн дээр талууд “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ.




САНАЛ БОЛГОХ