Улсын хэмжээнд 1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байна

Мэдээ

2016 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 30 хувь нь буюу 232.3 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна. Эдгээрийг хариуцсан 1022 Сууц Өмчлөгчдийн Холбоо үйл ажиллагаа явуулж байгаа талаар Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Үүнээс 881 нь нийслэлд, үйл ажиллагаа явуулдаг байна. Өнгөрсөн хоёрдугаар сард салбарын яам, НЗДТГ, ШӨХТГ хамтран Сууц Өмчлөгчдийн Холбоонуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүн хангалтгүй гэж гарсан нь хууль эрхзүйн орчинтой холбоотой гэдгийг ШӨХТГ-аас мэдээлж байсан юм. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос яам болон харьяа байгууллагуудад хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэл өгсөн байна. Сууц өмчлөгчдөд тохилог тав тухтай байдлыг бүрдүүлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилготой Сууц Өмчлөгчдийн Холбоонууд 1997 оноос байгуулагдаж эхэлснээс хойш 2003 онд үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлох хуультай болж байсан юм. ШӨХТГ-т ирдэг санал гомдлын 30 орчим хувь нь Сууц Өмчлөгчдийн Холбооны үйл ажиллагаатай холбоотой байдгаас төлбөрийн асуудал багагүй хэмжээг эзэлж байгаа аж.

Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн тайлбарлаж байгаагаар жишиг тарифыг дагаж мөрдөх боломжтой ба иргэд өөрсдөө хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу хяналт тавих ёстой юм байна. Хэдий тийм боловч Сууц Өмчлөгчдийн Холбоо нь үл хөдлөх, орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс дундын өмчийг хариуцаж, оршин суугчдын тав тухтай байдлыг хангах үүргийг хүлээдэг учраас томоохон орон сууц, хотхонуудын Сууц Өмчлөгчдийн Холбооны үнэ тариф үүнийгээ дагаад нэмэгддэг байна.



САНАЛ БОЛГОХ