Аюул дагуулсан амттан

Амьдралын хэв маяг


Хүнсний нэмэлт нь импортын бүтээг дэхүүнд илүү агуулагддаг


Хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа, хүүхдийн дуртай жигнэмэг, чипсний шошгон дээр E501 тэмдэглэгээ элбэг тохиолддог. Энэ нь аюултай ба онц аюултай гэсэн утгыг илэрхийлдэг.
Харин E330 гэж байвал хавдар үүсгэж болзошгүй, E270 хүүхдэд аюултай гэсэн тэмдэглэгээ юм. Гэтэл энэ талаар иргэдэд ямар ч ойлголт байдаггүй учир чипс, чихэр, хатаасан жимс зэрэг олон төрлийн амттан авч өгөхдөө төдийлэн анзаардаггүй. Е тэмдэглэгээ нь хүнсний бүтээгдэхүүнд өнгө, үнэр, амт оруулах, хадгалалтын хугацааг сунгадаг химийн найрлагыг тодорхойлдог. Ихэвчлэн зохиомол амт орлодог маш олон төрлийн химийн бодис агуулдаг юм.
Тухайлбал, зохиомол гүзээлзгэнд 50 төрлийн химийн бодис агуулсан байдаг тухай эрүүл мэнд, спортын яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн хэлж байна.


Зохиомол гүзээлзгэний амт 50 төрлийн химийн бодис агуулсан байдаг


Энэ нь хүнсний үндсэн бүрэлдэхүүн болдоггүй бөгөөд тэжээллэг чанаргүй, тухайн бүтээгдэхүүнийг биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах технологийг нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлд ашигладаг бодис юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Е буюу хүнсний нэмэлтийг тодорхой хэмжээгээр ашиглахыг зөвшөөрдөг ч заавал хэрэглэх шаардлагатай гэж заагаагүй. Эрүүл мэндэд эрсдэлтэй учир аль болох хэрэглэхээс сэрэмжлүүлдэг юм.
Монгол Улс бүх төрлийн амттан, лаазалсан болон бэлэн бүтээгдэхүүн зэрэг хүнсний хэрэглээнийхээ 80 орчим хувийг гадаадаас импортолдог. Тодруулбал, бидний өдөр тутмын өргөн хэрэглээний сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувийг урд хөршөөс авч байна. БНХАУ болон бусад орноос импортлож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хүүхдийн нэмэлт тэжээл, гурил, гурилан бүтээгдэхүүн, даршилсан ногоо, хиам, тарагт “Е” тэмдэглэгээ түлхүү ашиглагддаг аж. Хамгийн сүүлд 2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчид 21 аймаг, есөн дүүрэгт хүнсний нэмэлтийн импорт, борлуулалт, хэрэглээнд хяналт тавьсан байна. Үүнээс хойш огт шалгалт хийгээгүй байна. Уг шалгалтад хүнсний боловруулах үйлдвэр эрхэлж буй 114, худалдаа үйлчилгээний 156, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 114, хувиараа худалдаа эрхэлж буй 44 гээд нийт 314 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Хүнсний үйлдвэрүүд түүхий эдээ Энэтхэг, БНХАУ, ОХУ, Солонгос, АНУ, Израиль зэрэг нийт 11 улсын 49 үйлдвэрлэгчээс импортлогч аж ахуйн нэгжээр дамжуулан худалдан авч байв. Тухайлбал, “Данбаоли” гурил исгэгчийн найрлагад E300, 491, хуурай амтлагчийн найрлагад Е100, 101, Е300, нөөшилсөн бүтээгдэхүүнд Е150, Е330, ундаа, жүүсэнд Е202, Е466, Е419, Е1520 гэсэн нэмэлт бодис орсон байгаа юм. Шалгалтад хамрагдсан хүнсний нэмэлтийн 33 хувь нь монгол, англи, орос хэл дээр бичигдсэн байсан аж. Үүнээс орц, найрлага, хадгалах нөхцөл, гаж нөлөө, хэрэглэх аргын талаар үнэн зөв мэдээлэл авах боломжгүй байгааг шалгалтаар тогтоосон байна. Гэхдээ нийт бүтээгдэхүүний 71.9 хувьд нь хүнсний нэмэлт орсон эсэх тэмдэглэгээг тавьсан байжээ. Үйлдвэрүүд түүхий эдийг ил задгай хадгалдаг, хугацаа дууссан, Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдаагүй E107, E124a, E441, E419 кодтой онц аюултай, сэжигтэй хүнсний нэмэлт орсон бүтээгдэхүүн импортолж байжээ. Хүнс, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм төрлийн бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, халдварт бус өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Гаднын орнуудад “Хүнсний нэмэлтийн хороо” бий
Хүнсний нэмэлт үйлдвэрлэдэг томоохон улс орнуудад “Хүнсний нэмэлтийн хороо” хэмээх байгууллага байдаг аж. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс гэхэд хорооныхоо тусламжтай жил бүр судалгаа явуулж, тухайн онд мөрдөх Е тэмдэглэгээний жагсаалтыг гаргадаг байна. Ямар кодтой бүтээгдэхүүнээс зайлсхийх, аль нь хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй, ямар кодтой бүтээгдэхүүн хэрэглэх жагсаалтыг жил тутам шинэчлэн баталдаг байна.

• Хүнсний судалгааны институт, хүнсний нэмэлтийн үйлдвэр байхгүй учир хөгжилтэй орны судалгаан дээр тулгуурлаж стандартаа боловсруулдаг.

• Манай улсын хувьд 2007 оноос хүнсний нэмэлтийн стандартыг мөрдөж эхэлсэн.

• Гаднын орнуудад ямар кодтой бүтээгдэхүүн хэрэглэх жагсаалтыг жил болгон шинэчлэн баталдаг.

Түүнчлэн энэ төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэх тун, хэмжээг заасан нарийн стандарт байдаггүй бөгөөд улс орон бүрт өөр өөрөөр зохицуулагддаг байна. ОХУ гэхэд л хамгийн их нэмэлт агуулсан хүнсний бүтээгдхүүний жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд бүх төрлийн хоол амтлагч, эрдэнэшишийн хатаамал, сухар, мармелад, хиам, лаазалсан загас, тахианы шөл, чипс, сырок болон бяслаг, майонез ордог аж. Харин манай улс 2007 оноос хүнсний нэмэлтийн стандарт мөрдөж эхэлсэн. Тиймээс тусгайлан байгуулагдсан хороо битгий хэл нарийвчлан гаргасан хүнсний бүтээгдэхүүний жагсаалт ч алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын мэргэжилтэн хэлж байгаагаар Монголд хүнсний судалгааны институт, хүнсний нэмэлтийн үйлдвэр байхгүй учир хөгжилтэй орны судалгаан дээр тулгуурлаж стандартаа боловсруулдаг. Европын улс орнуудад мөрдөгддөг хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт САС 192:2014-ийг баримталдаг. Уг стандартад зөвхөн хүнсний нэмэлтүүдийг бүтээгдэхүүнүүдэд хэрхэн, ямар орц найрлагаар хэрэглэх талаар зааснаас бус хориглосон, хүнсэнд хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэх талаар огт тэмдэглэгдээгүй байдаг аж. Өнөөдөр гадаад гэлтгүй дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгонд анхаарахгүй, дур зоргоороо “органик” гэсэн бичиг хадах боллоо. Үнэндээ тухайн бүтээгдэхүүн хүнсний нэмэлт агуулаагүй цэвэр гэдгийг батлах мэргэжлийн байгууллага манайд байхгүй учраас үүнд итгэх аргагүй юм. Мөн орц найрлагыг нь нарийвчлан шинжлэх лаборатори, мэргэжлийн байгууллага гэх юм даанч алга. Мөн жил бүр судалгаа шинжилгээ хийх нь бүү хэл гурван жилийн өмнө хийсэн хяналт шалгалтын дүнгээс өөр зүйлгүй сууна. Иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байдалдаа анхаарч “улаан гэрлээ асаахгүй” бол биднийг зоосны нүхээр хардаг худалдаачид хүний эрүүл мэндийг хайхрахгүй нь ойлгомжтой. Энэ нь одоогоор хүнсний аюулгүй байдалд сөрөг дохио өгч байгаа ч цаашид үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй эмгэнэл.

САНАЛ БОЛГОХ