Эрчээ авсан хуримын бизнес

Амьдралын хэв маяг


Хурим тойрсон бизнесүүд идэвхжлээ

Найр, хуримын сар үргэлжилж байна. Хос хоёрын хайр сэтгэлийн баталгаа болдог сүүн цагаан хуримын ид үе ирлээ. Монголчууд тахиа жилийг гал голомтоо бадрааж, найр, хурим хийхэд сайн гэж үздэг. Тиймээс Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн жилийнхээс хөл хөдөлгөөн ихтэй байна. Тус ордонд жилд дунджаар 1000 хуримын ёслол болдог. Гэхдээ монголчууд гал голомтоо бадраахдаа жил, өдөр, сарыг шинжин сонгодог уламжлалтай тул зарим жил хуримын тоо эрс өсөж, заримдаа огцом буурдаг байна.

Зурхайд туулай, морь, гахай, хулгана, луу болон тахиа жилд аливааг эхлэхэд сайн гэж үздэг тул энэ жилүүдэд гал голомтоо бадраах хосын тоо олширдог. Тухайлбал, 1988 оны луу жил 1851 буюу хамгийн олон хос Гэрлэх ёслолын ордонд хуримлаж байжээ. Харин бич жилийг таалдаггүй тул энд өнгөрсөн онд 500 хос ёсолсон гэдгийг Гэрлэх ёслолын ордны захиргаа, аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдарь онцлов.

Гэрлэх ёслолын ордонд өнгөрсөн сарын 24-ний билигт сайн өдөр 71 хос хуримлажээ. Олон хосод өдрийн цаг хүрэлцэхгүй байсан тул шөнийн 01.30 цагаас эхлэн ёслолоо хийсэн байна. 35-40 минут үргэлжлэх ёслолын төлбөр ажлын өдөр 759 мянга, амралтын өдөр 803 мянган төгрөгийн үнэтэй. Харин балжинням, дашнямтай сайн өдрүүдэд үнэ нь нэмэгдэж, 1,276,000 төгрөг болдог байна. Үүнд 30 ширхэг ёслолын зураг, машины чимэглэл, зочдыг дайлах цагаан идээнээс гадна хосуудад өгөх гарын бэлгийн үнэ багтдаг аж.

Хуримын “улиралд”-д түүнийг дагасан бизнесүүд идэвхждэг. Ер нь 150-200 зочинтой нүсэр биш, дундаж хэмжээний хуримд ойролцоогоор 15 сая төгрөг зарцуулж буйг саяхан хуримаа хийсэн хосууд хэлж байна. Сүйт бүсгүйн даашинз, залуугийн хослолоос эхлээд машины чимэглэл, гэрчүүдийн даашинз, баглаа цэцгийн хүргэлтийн үйлчилгээ гээд хурим тойрсон бизнес маш олон болжээ. Тухайлбал, ёслолын үйл ажиллагааг өглөөнөөс орой хүртэл цогцоор нь зохион байгуулдаг компаниуд цөөнгүй. Зочдын тоо, ёслолын цар хүрээнээс хамаараад төлбөр нь янз бүр. Тухайлбал, “Хүслийн хурим” ХХК-ийн багц үйлчилгээний үнэ 1,950,000- 24,950,000 төгрөгийн хооронд байна. Харин зөвхөн ёслолын үйл ажиллагааны хөтөлбөр зохион байгуулдаг “Мөрөөдлийн хурим” компанитай холбогдоход “Хөтлөгч, морин хуурч, хоёр дуучинтай бол 1,7 сая. Хэрэв хөтлөгч дангаар нь хөлсөлбөл 500 мянган төгрөг” гэв.

• 1988 оны луу жил 1851 буюу хамгийн олон хос Гэрлэх ёслолын ордонд хуримлаж байжээ. Харин бич жилийг таалдаггүй тул энд өнгөрсөн онд 500 хос ёсолсон байна.

• Гэрлэх ёслолын ордны төлбөр балжинням, дашнямтай сайн өдрүүдэд нэмэгдэж, 1,276,000 төгрөг болдог.

• Ирэх сарын 7-нд хуримын цуваа Чингисийн талбайд “дугаарладаг” намрын дунд сарын шинийн 17-н тохионо.

Сүүлийн жилүүдэд хуримын ёслолд гоёмсог автомашин түрээслэх нь олшроод буй. Энэ дунд хуримын чимэглэлтэй “G Class”-ын ганган цуваа ч цөөнгүй харагддаг болсон. Ийм үйлчилгээг 10 жилийн турш явуулсан MGL Car Service компани тансаг зэрэглэлийн машиныг дангаар нь болон олноор нь түрээслүүлдэг. Эдний хамгийн хямд автомашин болох “Соната-7”-г нэг өдөр түрээслэхэд 85 мянган төгрөг. Харин хамгийн үнэтэй нь 650 ам.доллар хүрдэг юм байна. Үүнээс гадна хуримын цуваан дахь автомашиныг чимдэг үйлчилгээ бий. Үнийг нь сонирхоход “Дөрвөн машин чимэглэхэд 100 мянган төгрөг” гэсэн багцын үнэ хэллээ.

Мэдээж, сүйт бүсгүйн хуримын даашинзыг орхиж болохгүй. Гоёмсог даашинз хамгийн хямд нь 150 мянга. Гэрлэх ёслолын ордонд байрладаг даашинзны дэлгүүрт загвараасаа хамаараад 150-490 мянган төгрөгөөр худалдаалж байхтай таарлаа. Харин түрээсэлбэл өдөрт 150-290 мянган төгрөг төлөх юм байна. Түрээсэлдэг даашинзууд нь илүү загварлаг, гоёмсог юм билээ. Харин хуримын хувцас хийдэг салонуудад цагаан даашинзны үнэ 700 мянган төгрөгөөс эхэлж байна. Түүнчлэн, гэрчийн даашинз 70-100 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Түрээслэх бол 20-35 мянган төгрөг төлөх юм байна. Хуримын сард зориулсан бас нэгэн үйлчилгээг khuree.mn цахим хуудсаас сонирхож болно. Хэрэв ёслол хийхээр төлөвлөж байгаа бол захиалах өдөр, зочдын тоо, төсөв зэрэг мэдээллээ сайтад бүртгүүлж, цаг хэмнэх боломжтой. Тус цахим хуудас танд хамгийн сайн тохирох зоогийн газрын мэдээллийг харуулах болно.

Хосуудад гэр бүлээ батлуулахад хамгийн ээлтэй найрын өдрүүд айсуй. Ирэх сарын 7-нд хуримын цуваа Чингисийн талбайд “дугаарладаг” намрын дунд сарын шинийн 17-н тохионо. Мөн ирэх сарын 22-нд намрын адаг сарын шинийн гуравны дашням, балжиннямтай билигт сайн өдөр болно. Тиймээс та энэ өдрүүдэд хуримын урилгад дарагдаж магадгүй нь.

САНАЛ БОЛГОХ