БНХАУ-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны таван гишүүний нэр урьдчилсан байдлаар тодров

Мэдээ

БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал өнөөдөр албан ёсоор өндөрлөнө. Хурлын шийдвэрүүд эцэслэж гарах хүртэл хэд хэдэн асуудал олон улсын анхаарал татаж байна. Тухайлбал, Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын томилгоо багтаж байгаа юм. Эх сурвалжийг дурдаагүй ч Хонгконгийн "South China Morning Post" сонинд мэдээлснээр БНХАУ-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ таван гишүүний нэр урьдчилсан байдлаар тодорсон байна. Эдгээр гишүүд цаашид Ерөнхийлөгч Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Көцян нарын хамтаар БНХАУ-ын Коммунист намыг тэргүүлэх юм. Түүнчлэн БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал шинээр байгуулах Намын төв хорооны 200 орчим гишүүний нэрийг өнөөдөр зарлах ажээ. Үүний дараа Намын төв хороо энэ лхагва гарагт болох анхныхаа чуулганаар Улс төрийн товчоо, Байнгын хорооны гишүүдийг сонгох юм.

Харин Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ удаагийн хурлаар залгамжлагчаа тодруулах магадлал бага байгааг ажиглагчид онцолж байна. Коммунист намын эрх баригчдын томилгооноос гадна Ши Жиньпиний залгамжлагч хэн байх нь олон улсад ихээхэн анхаарал татаж байгаа юм. Хэдий тийм боловч тэрбээр бүрэн эрхийнх нь хугацаа 2023 онд дуусгавар болсны дараа ч эрх мэдлээ хадгалж үлдэхийг зорьж магадгүй гэж шинжээчид таамаглажээ.

Үүнээс гадна тус намын төлөөлөгчид "Марксизм"-ийг БНХАУ-ын онцлогт тааруулж нэвтрүүлэх талаар Ши Жиньпиний байр суурийг дэмжлээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ши Жиньпиний нэр нөлөө нь улам нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Тэрбээр Мао Зедунаас хойших хамгийн нөлөө бүхий удирдагчаар нэрлэгдээд байна.




САНАЛ БОЛГОХ