Москвад аварга Wi-Fi сүлжээ байгуулах төлөвлөгөө

Мэдээ


Интернетед үнэ төлбөргүй хандах дэлхийн хамгийн аварга цар хүрээтэй Wi-Fi сүлжээг ОХУ-ын нийслэлд байгуулахаар төлөвлөж байгааг тус хотын засаг зарга Сергей Собянин мэдэгдлээ. Эрх баригчид Москвагийн нийтийн зориулалттай Wi-Fi дэд бүтцийг өргөжүүлэх хэд хэдэн санал санаачилга дэвшүүлээд байна. Үүнд нийслэлийн “Москино” сүлжээнийн харьяа 13 кинотеатрт үнэгүй интернет холболт үүсгэх төлөвлөгөө  аравдугаар сард тодорхой болжээ. Зөвхөн кинотеатрын барилга дотор ашиглах боломжтой уг сүлжээний төхөөрөмж суурилуулах ажил энэ сард эхэлсэн. Төхөөрөмж суурилах ажил оноос өмнө бүрэн дуусна. Москвагийн ерөнхий боловсролын сургуулиудыг утасгүй Wi-Fi холболтод бүрэн хамруулах төлөвлөгөөг нийслэлийн мэдээллийн технологийн хэлтсийн даргын зөвлөх Андрей Белозёров мөн сард танилцуулав. Зөвлөх 2019 он гэхэд нийслэлийн дунд сургуулиудын Wi-Fi холболтыг өнөөгийнхөөс хэд дахин өргөжүүлэх замаар утасгүй холболтыг анги болгонд нэвтрүүлэх гэж байгааг мэдэгдсэн юм. “Сургуулийн барилга дотор нийт гурван цэгт Wi-Fi холболт үүсгэдэг байсан бол цаашид анги болгонд бий болгоно. Хоёр жил үргэлжлэх төслийн эхний шат болох 2017 он дуусахаас өмнө бид сургуулийн барилгын гуравны нэгийг утасгүй холболтод хамруулна. Улмаар ирэх жил гэхэд Wi-Fi сүлжээ сургуулийн барилгыг бүхэлд нь хамарна” хэмээн ноён Белозеров мэдэгдлээ.

ОХУ-ын нийслэлд хэрэгжүүлж буй “Москвагийн цахим сургууль” хөтөлбөрийн хүрээнд сургалтын уламжлалт арга барилыг орчин үеийн технологитой хослуулах зорилт тавьжээ. Төлөвлөгөө хэрэгжих тохиолдолд багш хичээл заахдаа үүлэнд хадгалаастай зураг дүрс, видео, хүснэгт, график, даалгавар, лабораторийн туршилт зэргийг шууд хичээлийн танхимд оруулах нөхцөл бүрдэнэ. Ийм нөхцөлд сурагчдад сурах бичгээс гадна таблет зэрэг дэлгэцтэй төхөөрөмж хэрэгтэй. Эдүгээ Москвагийн төвийн 200 орчим гудамж, 24 цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй Wi-Fi ажиллаж байна. Зэрэг 15 мянган төхөөрөмж холбогдох боломжтой ийм Wi-Fi хотспот бүр 50 метрийн радиуст үйлчилдэг. Нэг хотспотод холбогдсон л бол бусдад нь нэвтрэхдээ давтан эрхээ таниулах шаардлагагүй. Wi-Fi хотспот Москвагийн төв тойрог, метро, автобус, троллейбус, трамвайг хамарч байна. Мөн нийслэлийн өндөр настан, ахмад дайчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах газруудад үнэ төлбөргүй утасгүй холболт нэвтрүүлжээ. Одоогийн үнэгүй Wi-Fi интернет бүхий 24 цэцэрлэг хүрээлэн дээр дахиад 12 цэцэрлэгт хүрээлэн, 70 музей, 151 соёлын төвд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. “Нийслэлийн төв хэсэг, зорчигч тээврийн үйлчилгээг хамарсан дэлхийд аварга Wi-Fi сүлжээ үүсэж буй”-г ноён Собянин Twitter- тээ бичжээ. Москвад нэвтрүүлсэн үнэгүй Wi-Fi сүлжээ нь 2016 онд ОХУ- ын дэд бүтцийн шилдэг төслөөр шалгарсан юм.


САНАЛ БОЛГОХ