Панамын сувгийн өртгөтгөлийн ажил дууслаа

Мэдээ

12 жил үргэлжилсэн Панамын сувгийн өргөтгөлийн ажил дуусаж, нээлтээ хийлээ. Ийнхүү Панамын сувгийн өргөтггөл дууссанаар 9000 орчим чингэлэг тээвэрлэсэн БНХАУ-ын хөлөг онгоц Атлантын далайгаас Номхон далай хүрэх анхны аяллаа эхлүүлсэн байна. 2014 оны сүүлээр буюу усан замын 100 жилийн ойгоор нээх төлөвлөгөөтэй байсан уг сувгийн өргөтгөл барилгын ажлын саатал болон ажиллах хүчний маргаанаас болж ийнхүү хоёр жилийн дараа нээлтээ хийж байгаа юм. Нийт 5.25 тэрбум ам.долларын өртөгтэй Панамын сувгийг өргөтгөлийн ажилд 30 мянга гаруй хүн ажилласан байна. Газрын тосны үнийн уналт, Панамын сувгийн хоёр дахь том үйлчлүүлэгч гэгддэг БНХАУ-ын эдийн засаг суларсан зэрэг хүчин зүйл нь усан замын тээвэрлэлт болон Панамын сувгийн нийт орлогын хэмжээнд нөлөөлж эхлээд байсан юм. Улмаар өргөтгөлийн тусламжтайгаар Панамын сувгийн тээвэрлэлт хоёр дахин нэмэгдэх бол усан онгоцууд тээвэрлэлтээ гурав дахин нэмэгдүүлэх боломжтой болж байна. 1914 онд анхны хөлөг онгоц Панамын сувгаар гарч, 1920 оноос байнгын үйл ажиллагаатай болж байжээ. Харин 1999 онд АНУ-ын хяналтаас гарснаас хойш нийт 10 тэрбум ам.долларын орлогыг Төв Америкт оруулаад байгаа юм. Түүнчлэн Төв Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 40 хувийг бүрдүүлсээр байгаа бол дэлхийн усан замаар хийгддэг худалдааны 6 хувийг бүрдүүлдэг байна.


САНАЛ БОЛГОХ