Уурхайчид, төмөр замчид татвар нэмэхийг эсэргүүцэж хамтран тэмцэхээ мэдэгдлээ
Уурхайчид болон Монголын төмөр замчид ХХОАТ-ын шатлал тогтоох, тэтгэврийн насыг нэмэх шийдвэрийг эсэргүүцэж хамтран тэмцэхээ мэдэгдлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл төсвийн алдагдлыг нөхөх өөр хувилбар байгаа гэдгийг онцолсон юм. Түүнчлэн хүнд нөхцөлд хөдөлмөрлөдөг иргэд урт хугацаанд ажилласнаар өндөр эрсдэл дагуулна гэж мэдэгдлээ. "Эрдэнэт үйлдвэр"-т одоогоор 6000 орчин иргэн ажиллаж байгаагаас 4000 нь хэвийн бус нөхцөл, 1000 орчим нь хорт нөхцөлд ажилладаг ажээ. Компанийн ажилчдын дундаж цалин хоёр сая орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа тул дийлэнх албан хаагчдын төлөх татварын хэмжээ өснө. Өөрөөр хэлбэл нэг ажилтан нэмж 65-100 мянган төгрөг төлнө гэж Үйлдвэрчний эвлэлээс нь мэдээлсэн юм. Улсын хэмжээнд уул уурхайн салбарт нийт 64 мянган ажилчин бий. Одоогоор уул уурхайн салбарынхан эсэргүүцлийн гарын үсгээ цуглуулж, эсэргүүцэлд нэгдэж байна. Үүнээс өмнө эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл эсэргүүцлээ илэрхийж байсан юм. Түүнчлэн Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ч мөн адил шалтгаанаар эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдлээ.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаруй хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаас 30 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажлын нөхцөлийн улмаас 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна улс төрийн сөрөг хүчин татвар нэмэх шийдвэрийг эсэргүүцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Татвартай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж харах хэрэгтэй" хэмээн дурдаж байсан.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй