“Багануур" ХК: 2017 онд дөрвөн сая тонн нүүрс борлуулж, 126.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан

Мэдээ

Бямба гарагт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар орон нутагт ажиллаж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэгцээг хангадаг Шивээ-Овоо, Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Шивээ-Овоо, Багануур ХК-ууд үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, биелэлтийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар зөвлөлдөж ярилцсан байна. Компаниуд уурхайн хөрс хуулалт хоцрогдсон болон техникийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан нь гол асуудал болж байгааг мэдээлэв. “Багануур” ХК-ийн хувьд дотоодын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглээний 60 хувийг дангаараа хангаж байна. Гол асуудал нь өр төлбөрийн асуудал, мөн эрчим хүчний хэрэглээ өсөж байгаатай холбоотой хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Орд газрын хувьд нийт 812 сая тонн нүүрсний нөөцтэй. Багануурын нүүрсний уурхай 2017 онд дөрвөн сая гаруй тонн нүүрс олборлон борлуулж, 126.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Ингэснээр орлого нь өмнөх оноос 10.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

2018 онд 19.1 сая метр куб хөрс хуулж, 4.1 сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн байна. Хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тухайд Багануур дүүрэгт 700 мВт-ын цахилгаан станцыг хоёр үе шаттайгаар 2020, 2024 онд барьж ашиглалтад оруулах, 2019 онд Дулааны III цахилгаан станцын 250 мВт өргөтгөл хийх, 2020 онд Дулааны II цахилгаан станцад 170 мВт-ын өргөтгөл хийх төлөвлөгөөтэй уялдан Багануурын уурхайн хүчин чадлыг 2019 онд 4.9 сая тонн, 2020 онд 6.7 сая тоннд хүргэх шаардлага гарч байгаа аж. Үүнээс үүдэн 2018-2022 онд 353 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж худалдан авч шинэчлэл хийх шаардлагатай байна гэж тус компанийн зүгээс мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ