Арга барагдах цагт алт аминд ордог

Мэдээ


Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа тушаахыг Монголбанк уриаллаа

Эдийн засгийн хямрал, хүндрэл нүүрлэсэн үед алтны салбар улс орныг олон удаа аварсан байдаг. Гадаад валютын нөөц ёроолдоо тулж, төгрөгийн ханш өдөр өдрөөр үнэгүйдэж байхад хүртэл алт тушаалт нэмэгдсэнээр эрсдэл биднээс холуур өнгөрсөн нь бий. Арга барагдах цагт алтны салбар монгол төгрөгт гол найдвар нь болж, иргэдийн амьжиргаа улам доройтохоос сэргийлсэн тохиолдол цөөнгүй. Тэгвэл Монголын алтны нөөцийн ай сав гэж хэлж болох Төв аймгийн Заамар сумаас Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлүүллээ. “Тосон Заамар” хэмээн тодотгодог тус сумын нутагт алтны 20 гаруй аж ахуйн нэгж олборлолт явуулж байна. Эдгээр компани алт тушаалтад багагүй байр суурь эзэлдэг болохыг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин онцлов. Таван сарын хугацаатай хэрэгжих дээрх аяны нээлтэд Заамарын сумын иргэд идэвхтэй оролцлоо. Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн “Монгол алт” аяны үр дүнд худалдан авсан алтны 40 гаруй хувийг Заамар дахь аж ахуйн нэгжүүд тушаажээ. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү аяныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, арилжааны банкууд дэмжиж байгаа аж. Аяны үр дүнд энэ онд алт тушаалт 22 тоннд хүрэх боломжтой хэмээн Монголбанкныхан үзэж байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүнээс илүү боломж байгааг тодотгосон. Монголбанк энэ он гарсаар нийт таван тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм.


ОРОН НУТАГТ СОРЬЦЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛНА


П.Эрдэнэтуяа /Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал/


-“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 2017 онд гурван сарын хугацаатай “Монгол алт” аян хэрэгжүүлсэн.Тус аяны үр дүнд оны эцэст алт тушаалт 20.1 тоннд хүрч, 2016 онтой харьцуулахад есөн хувиар өссөн. Энэ нь төв банкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болсон юм. Тэгвэл энэ аяны үргэлжлэл нь “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болж байна. Аян хэрэгжих таван сарын хугацаанд алтны гарал үүслийг тодорхой болгох, эко алтыг дэмжих, орон нутагт сорьцын лаборатори байгуулах, алтны компаниудын олборлолтыг нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар төв банкны зүгээс төлөвлөж байна. Аяны нээлт Заамар сумаас эхэлсэн нь онцлогтой. Монголбанкинд алтаа тушаадаг цөөнгүй аж ахуйн нэгж Заамарт үйл ажиллагаа явуулдаг.


КОМПАНИУД НӨХӨН СЭРГЭЭЛТЭД АНХААРЧ ЭХЭЛСЭН 


Ш.Галтбадрах /Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын дарга/


-Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэхэд Заамар сум өнгөрсөн хугацаанд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Алтны салбар дахь томоохон төслүүд олноор хэрэгжсэн. Сумын хэмжээнд 25 аж ахуйн нэгж хууль ёсны зөвшөөрлийн дагуу олборлолт явуулж байна. Мөн бичил уурхай эрхлэгчид гар аргаар алт олборлож байгаа. Бичил уурхай эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад гаднын төсөл, хөтөлбөрүүд ихээхэн санаачилга гаргаж байна. 2010 оноос нөхөн сэргээлт харьцангуй сайжирсан. Компаниуд нөхөн сэргээлтэд анхаарч эхэлсэн. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай гэрээ байгуулан ажиллаж байгаа.


ИРГЭД АЛТНЫ САЛБАРЫН ТАЛААР ИЛҮҮ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛНО


Ц.Мөнхцэнгэл /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн/

-Монгол орны алт олборлолтын нөөцийн ундарга болсон Заамар сумын бүс нутгаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлэх болсон нь цагаа олсон чухал арга хэмжээ болж байна. Алт бол байгаль дээр химийн төлөвөөрөө дангаараа оршдог, борлуулах гэж зах зээл хайх шаардлагагүй валют болдог үнэт металл. Монголбанкнаас зарласан аяны хүрээнд иргэд энэ салбарын талаар илүү их мэдлэг, мэдээлэлтэй болно гэж үзэж байгаа. Манайх хүн амд ногдох алтны нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлэх боломжтой. Цаашид хууль бус олборлолтыг таслан зогсоох, нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах, ашиглалтад орохгүй байгаа алтны төслийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Шороон ордын нөөц жил ирэх тусам багасаж байна.Тиймээс шороон ордын ашиглалтаас үндсэн орд руу шилжих зайлшгүй нөхцөл үүсээд байгаа.


ӨНГӨРСӨН ОНЫ АМЖИЛТАА ЭНЭ ОНД АХИУЛНА


Э.Энхбат /Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал/


-Төв банкнаас санаачилж байгаа аяныг манай холбооны бүх гишүүн байгууллага дэмжин оролцож байна. Эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргаанд алтны салбар томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнгөрсөн он гэхэд Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг 700 гаруй сая ам.доллараар нэмсэн. Ингэснээр валютын нөөц гурав орчим тэрбум ам.доллар болсон. Энэ нь төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварт эерэг нөлөө үзүүлсэн. Зөвхөн эдийн засагт ашиг тусаа өгөөд зогсохгүй орон нутгийн хамтын ажиллагаанд багагүй ахиц, дэвшил гарч байгаа. Мөн техникийн болон биологийн нөхөн сэргээлтэд компаниуд дор бүрнээ анхаарч байна. Бидний хувьд 2017 оны амжилтаа энэ онд ахиулна гэж төсөөлж байгаа.


САНАЛ БОЛГОХ