"Усан замыг хяналтдаа авах БНХАУ-ын оролдлого хууль зөрчиж байна"
Олон улсын шүүх "Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн бүрэн эзэмшил" гэх БНХАУ-ын заргыг хүчингүйд тооцож "Усан замыг хяналтдаа авах оролдлого нь хууль зөрчиж байна" гэсэн шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг танилцуулсны дараа БНХАУ-ын тал мэдэгдэл хийж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Тодорхойгүй шат дарааллын дагуу явагдсан арбитрын шүүх ажиллагааны дүгнэлтийг бататгах хангалттай нотлох баримт байгаагүй. БНХАУ-ын ард түмэн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шударга ёсыг эрхэмлэгч хэн ч зөвшөөрөхгүй. Арбитрын шүүхийн ажиллагаанд оролцохоос татгалзсанаараа БНХАУ-ын тал олон улсын хууль, бүс нутгийн дүрэм журмыг хамгаалж байна” гэж мэдэгдлээ. Филиппиний Засгийн газар "БНХАУ-ын өмнөд далайн тэнгист баримталж байгаа бодлого НҮБ-ын далайн хуулийн конвенцыг зөрчиж байна" гэх үндэслэлээр зарга үүсгэсэн юм. Учир нь БНХАУ өмнөд далайн тэнгисийн 80 хувийг өөрийн эзэмшил гэж зарлахдаа 1947 оны газрын зурагт тусгагдсан далайн зурвасын тэмдэглэгээг гол үндэслэл болгосон байна. Өмнөд далайн тэнгисийн усан замаар жилд таван их наяд гаруй ам.доллараар үнэлэгдэх бараа, бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг тул стратегийн өндөр ач холбогдолтой бүсэд тооцогддог ажээ.
Шүүхийн шийдвэр танилцуулсны дараахан Тайваний тал БНХАУ-ын эрх баригчид, газар нутгийн эзэмшлийг дэмжиж байгаагаа илэрхийлж харуулын усан онгоцоо илгээсэн байна. Энэ асуудлаар АНУ, Японы тал байр сууриа илэрхийлж, БНХАУ олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэдгийг онцолсон байна. АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби “Энэ бол хууль ёсны дагуу мөрдөн биелүүлэх ёстой шийдвэр. Дэлхийн бусад орнууд ч хэрэгжүүлэлтийг хүлээж байна. Зөвхөн АНУ ч биш, дэлхий нийтээр талууд ямар алхам хийхийг ажиглаж байгаа. БНХАУ үнэхээр хуулийг дээдэлдэг их гүрэн эсэхээ батлан харуулах цаг ирлээ. Дэлхий нийтээр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн мэдэгдсэн бол Японы Гадаад хэргийн сайд Фумио Кушид “Японы Засгийн газар олон улсын хуульд үндэслэсэн тайван шийдэл нь бүсийн энх амгалан байдал, шударга зарчимд тулгуурласан хөгжлийн үндэс гэдэгт итгэж байна. Тиймээс Японы Засгийн газар НҮБ-ын усан замын хэлэлцээрт үндэслэсэн Филиппиний заргыг дэмжиж байна” гэж онцолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй