Б.Сэр-Од рекордынхоо хэмжээнд уралдсан бол...

Спорт

Хөнгөнийхөн өмнө нь олимпийн наадамд цагаан хуудсаар оролцдог байв

Олимпийн наадмын сүүлийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн боллоо. Уралдаанд 78 орны 155 гүйгч хурд сорьсны дотор Монголын гурван тамирчин байлаа. Эд бол гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нар. Гавьяатын хувьд гурав дахь олимпдоо оролцсон бол нөгөө хоёр нь анх удаа. Монголын хөнгөн атлетикчид өмнө нь цагаан хуудсаар олимпийн наадамд өрсөлддөг байлаа. Харин сүүлийн жилүүдэд амжилт дээшилж, өөрсдийн хүчээр эрхээ авдаг болсон. Энэ жил л гэхэд эрэгтэй гурав, эмэгтэй нэг марафонч эрхээ авсан нь мундаг амжилт юм.

Энэ өдөр Риод 24 хэмийн дулаан байв. Мөн зөөлөн бороо шивэрч байсан нь хол замд гүйх тамирчдын хувьд хамгийн таатай зүйл. Цаг агаар ийм сайхан байгаа болохоор гүйгчдийн цаг өндөр гарах болов уу гэсэн таамаг байсан. Гэтэл таамаг эсрэгээрээ эргэж, медальт байрт шалгарсан тамирчид тун хангалтгүй цаг үзүүллээ. Алтан медаль хүртсэн Кенийн Э.Кипчоге гэхэд энэ жил Лондоны марафонд 2:03:05 цагаар хувийн дээд амжилтаа тогтоосон нөхөр. Гэтэл энэ удаа өөрийн үзүүлэлтээс даруй таван минутын хойно бариалав. Тэрбээр Бээжин, Афины олимпоос мөнгө, хүрэл медаль авсан амжилтаа Риод ийнхүү ахиулжээ. Удаах байрт 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт Этиопын Ф.Лилеса орсон бол Лондоны олимпод 10 мянган метрээр мөнгө авч байсан Америкийн Г.Рупп гуравласан юм.

Мөнгөн медаль хүртсэн Лилеса хоёр гараа толгой дээрээ зөрүүлж барьсаар барианд орж ирсэн нь тухайн үед олны анхаарлыг нэг их татаагүй. Харин мань эр дээрх хөдөлгөөнөө тайлбарласны дараа түүний үйлдлийн талаар бичих болов.

Тэрбээр “Энэ бол манай Оромо омгийн эсэргүүцлээ илэрхийлэх тэмдэг. Этиопын Засгийн газар манай ард түмнийг хядсаар байна. Миний гэр бүлийнхэн гэхэд шоронд байдаг. Хэрэв тэд ардчилал, хүний эрхийн талаар дуугарах л юм бол алуулна” хэмээн ярьжээ.

Монголын гурван гүйгч энэ өдөр санаснаас тааруу уралдлаа. Сэр-Одын хувьд 2014 онд Фүкүокагийн марафонд 2:08:50 амжилт үзүүлж, улсын дээд амжилтыг шинэчилж байсан. Хэрэв тэрбээр хоёр жилийн өмнөх тэр цагаа үзүүлсэн бол мөнгөн медаль ч авах боломжтой байжээ. Гэвч бага зэрэг бэртэлтэй байсан нь нөлөөлөв үү, 2:24:26 үзүүлэлтээр 92 дугаар байрт орсон юм.


САНАЛ БОЛГОХ