ОЛИМПИЙН МЕДАЛЬ 500 ГРАММ ЖИНТЭЙ

Спорт

“Рио 2016” олимпийн медалийг зохион байгуулагчид олон нийтэд танилцуулаад байна. Шагналын тавцанд гарсан тамирчдад өгөх медаль тус бүр нь 500 грамм жинтэй. 812 алт, 812 мөнгө, 864 хүрэл, нийт 2488 медаль урлажээ. Медаль танилцуулах ёслолын ажиллагаанд ОУОХ- ны ерөнхийлөгч Томас Бах урилгаар оролцсон байна.

Мөнгө болон хүрэл медалийн жингийн 30 хувийг цахилгаан хэрэгслийн хаягдлыг дахин боловсруулсан эдээр хийсэн бол алтан медалийн агуулгад мөнгөн ус нэмж хийгээгүй байна. Медалийн туузыг дахин боловсруулсан нийлэг эдээр урлажээ. Медалийн нүүрэн талд уламжлал ёсоор Афин хотын Акрополис бунхны дэлгэц дээр Ялалтын бурхан Ника-гийн дүрс, түүний дор олимпийн таван цагариг бүхий “XXXI Olympiad Rio 2016” үгсийг сийлсэн байна. Медалийн ар талд тус олимпийн наадмын бэлгэ тэмдэг, түүнийг лаврын титмээр хүрээлүүлжээ. Медаль хүртсэн тамирчин, спортын төрлийн нэрийг медалийн захаар тойруулан лазерийн туяагаар шивж бичих юм байна. Мөн паралимпийн наадамд зориулж 877 алт, 876 мөнгө, 889 хүрэл, нийт 2642 медаль үйлдвэрлээд байна.

Бразилийн нэгэн сэтгүүлч “Олимпийн наадмын зохион байгуулагч орнууд медалиуддаа үндэсний өвөрмөц онцлог, дизайны оновчтой шийдлийг тусгасан байдаг. Гэтэл манайхаас гаргасан медальд Бразилын үндэсний гэх зүйл огт алга, олимпийн наадмын медалиудаас хамгийн уйтгартай нь болжээ” хэмээн шүүмжилжээ.

Энэ дашрамд, олимпийн медалийн түүхээс товчхон сонирхуулья. Олимп анх зохиогдсон жилүүдэд медаль гэж өчүүхэн жижиг зүйл байв. “Сент Луис 1904”, “Лондон 1908” олимпийн медаль ердөө 21 грамм жинтэй байсан гэдэг. Заримдаа зөвхөн эхний хоёр байрт орсонд нь медаль өгч байсан түүх бий. Үүнээс хойш медалийн загвар хийц, хэмжээ өөрчлөгдсөөр ирсэн. Ерөнхийдөө олимпийн медаль 200 гаруй грамм жинтэй байхад “Лондон 2012”-ын зохион байгуулагчид зуны олимпийн түүхэн дэх хамгийн том буюу 400 грамм медаль үйлдвэрлэсэн удаатай. Тэгвэл Риогийн олимпийн медаль энэхүү дээд амжилтыг эвдэх нь тодорхой болж байна.


САНАЛ БОЛГОХ