В.Путин: Америкчуудын сонголтод оросууд нөлөөлж байна хэмээн төөрөгдүүлэх гэж байна

Мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын гадаад бодлогын мэргэжилтнүүдтэй Сочи хотноо уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон Сири дэх цэргийн оролцооныхоо талаар байр сууриа илэрхийлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор оросууд сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж байна гэсэн шүүмжлэл гарах болсон бөгөөд харин Владимир Путин энэ бүхнийг эрс няцаасан төдийгүй “Анхаарлын төвийг оросууд руу чиглүүлэх гэсэн АНУ-ын улс төрчдийн тактик” хэмээн буруутгажээ. Тэрбээр “АНУ-ын Засгийг газарт их өр, галт зэвсгийн хяналт зэрэг олон чухал асуудал байгаа. Ерөнхийлөгчийн компанит ажлын үеэр эдгээр болон бусад шийдэгдээгүй олон асуудал мэтгэлцээний гол сэдэв байх ёстой. Гэтэл бидний харж байгаагаар улстөрчдөд энэ талаар олон нийтийг тайвшруулах зүйлс байхгүй бололтой. Тиймээс ОХУ-ын хакерууд, тагнуулууд сонгуулийн үр дүнд нөлөөлөх байх гэж байна хэмээн олныг төөрөгдүүлэх гэж байна. Үнэхээр америкчуудын сонголтод оросууд нөлөөлж байна гэж бодож байгаа хүн байна уу? АНУ бол жирийн нэгэн тогтворгүй улс биш. АНУ бол дэлхийн хүчирхэг гүрэн. Хэрэв миний буруу бол намайг залруулаарай” хэмээн онцлон мэдэгдсэн байна.

Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар Алеппо дахь ОХУ-ын цохилтыг тасралтгүй шүүмжилсээр байгаа юм. Хэдий тийм боловч “Юм бүхэнд хязгаар бий” гэдгийг Владимир Путин анхааруулаад цаашид байдал энэ хэвээр үргэлжилбэл АНУ-ын холбоотнуудын эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн барууны орнуудын ярьж байгаачлан ОХУ-ын тал энгийн иргэд рүү дайралт хийгээгүй гэдгийг Владимир Путин онцолжээ. Тэрбээр Алеппо дахь ОХУ-ын дайралтыг Мосулд явуулж байгаа АНУ, Иракийн ажиллагаатай адилтган, тэднийг ч мөн дайралтаа зогсоохыг шаардсан байна.



САНАЛ БОЛГОХ