Жан Клод Юнкер: BREXIT-ийн яриа хэлэлцээрт тодорхой ахиц гарахгүй байна

Мэдээ

Дөрөв дэх шатандаа ороод байгаа BREXIT-ийн яриа хэлэлцээрт тодорхой ахиц гарч чадахгүй байгааг Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Европын Парламентад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр "Европын Холбоог орхих Их Британийн шийдвэрийн төлөөсийг Европын татвар төлөгчид үүрэх ёсгүй" гэдгийг анхааруулсан байна. Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер "Бид хэлэлцээнд хангалттай ахиц гаргаж чадаагүй л байна. Хэдийгээр иргэдийн эрхийн асуудалд хэлэлцээ урагшилсан ч бодит байдалд хэрэгжүүлж, иргэдийн эрхийг хамгаалахад Европын шүүхийн үүрэг оролцоо маш чухал” гэж онцолжээ. Үүнээс гадна Флоренцид хэлсэн Тереза Мэйн мэдэгдлийг Европын удирдагчид нааштайгаар хүлээж авлаа.

Хэдий тийм боловч илүү дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцээрийн ширээний ард ярилцах ёстойг Жан Клод Юнкер Их Британийн Засгийн газарт анхааруулсан байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон BREXIT-ийн асуудлаар өөрийн байр суурийг танилцуулснаар тус улсын Засгийн газарт хуваагдмал байдал үүсээд байгаа юм. Гэхдээ Тереза Мэй Борис Жонсоныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Учир нь Засгийн газарт олон талын дуу хоолой шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ