Гоё үгтэй, "гогцоо" ихтэй төсөл

Нийтлэл

Ахмад настны тухай хуулийн эргэлзээтэй заалтуудыг тодорхой болгох ёстой гэлээ

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсанаас хойш таван сар боллоо. Эмхлэн байгуулагдсан цагаасаа хойш хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсний нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Агуулгыг нь өөрчилж, Ахмад настны тухай хууль болгон шинэчлэн найруулж УИХ -д өргөн бариад байна. Уг Хамтын тэтгэврийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Харин хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байв.

Тэгвэл шинэ Засгийн газар Хамтын тэтгэврийн тухай хуулийн оронд Ахмад настны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан нь энэ. Өмнөх засгийн үед баталсан хуулиар бол тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд эхнэр эсвэл, нөхөр нь талийгаачийн тэтгэврийг үргэлжүүлэн авах талаар тусгасан байв. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар тус хуулийг Ахмад настны тухай болгон өөрчилж, 12 дугаар зүйлд 65-аас дээш насныханд жилд хоёр удаа насны хишиг хүртээх гэсэн заалтыг нэмж оруулаад байгаа юм.

Энэхүү хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон нийслэлийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар хамтран мягмар гарагт хэлэлцүүлэг хийлээ.

Асаргаа, сувилгааны үйлчилгээг гэрт нь хүргэхээр хуульд заажээ
Ахмад настны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад санал авах энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид өмнө нь баталсан хуулиас ялгаатай зүйл огт харагдахгүй байна хэмээн шүүмжилж байв. Ахмадуудын зарим нь “Насны хишиг олгох гэдэг нь угтаа бол МАН-ын сонгуулийн амлалт. Ганц ийм заалт оруулахын тулд бүхэл бүтэн хуулийн төсөл боловсруулах хэрэг байсан юм уу. Бид Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлмээр байна. Ингэж ахмадуудыг дорд үзэж болохгүй. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлсэн шиг бид хоёрын хэн нэг нь хорвоог орхиосой гэж бодохгүй нь тодорхой. Гэхдээ амьдрал дээр хэрэгтэй хууль байсан юм” гэж байв.

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмадуудын тоо жилээс жилд нэмэгдэж буй нь тусгайлан хууль боловсруулах үндэслэл болсныг мэргэжилтнүүд хэллээ. Манай улсын 60-аас дээш настнуудын тоо 2010 онд 151.2 мянга байсан бол 2016 онд 170.3 мянга болжээ. Статистикаас харахад ахмадын эгнээнд шилжигчдийн тоо жил бүр 20 орчим хувиар нэмэгдэж буй нь төрөөс анхаарал хандуулахаас аргагүйд хүргэж буй юм. 30 жилийн дараа гэхэд хүн амын цонх үе өнгөрч, ахмадуудын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоог холбогдох газраас гаргасан байна. Иймээс нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн насанд өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. Одоогийн мөрдөж буй Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг 1995 онд баталж, 2005 онд шинэчлэн найруулсан байна. Энэ хуулийн хамрах хүрээ нь хязгаарлагдмал байсныг халамжийн мэргэжилтнүүд дурдаж байлаа. Харин Ахмад настны тухай хуулийн төсөл нь нэлээд өргөн хүрээг хамарсан, өмнө нь хуульд тусгаж байгаагүй хэд хэдэн зүйлийг багтааснаараа давуу юм байна.

Тус хуулийн төслийн агуулгын талаар Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Гэрэлтуяагийн тайлбарласнаар холбогдох хууль нийгмийн халамжийн чанартай зүйл заалтууд нэлээд ордог байсан аж. Харин шинэ хуульд хөдөлмөрлөх эрхийн талаар түлхүү оруулсан гэлээ.

Ахмад настнуудыг нийгмийн амьдралд түлхүү оролцуулах, тэдний мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй гэсэн үзэл баримтлалыг мөрддөг болжээ.

НҮБ-ын Насжилтын талаарх тунхаглалд тулгуурлан ахмадуудын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх шаардлагатай болсон байна.

Шинэ хуулиар ач санаж, насны хишиг хүртээх боломж бүрдэж буй аж. Сэргээн засах болон сувиллын үйлчилгээг өргөжүүлэх тухай ч хуульд нарийн тусгасан байна.

Ахмад настны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд ахмадын санг хэрхэн бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй тусгажээ. Байгууллагууд ашигтай ажиллах бололцоо байхгүй учир тухайн аж ахуйн нэгж нь бүрдүүлсэн орлогоосоо санд хуримтлал үүсгэнэ гэсэн заалтыг оруулсан байна.

Одоо мөрдөж буй хуульд ахмад настны эрхийн талаар тусгайлсан заалт байдаггүй бол шинэчилсэн найруулгаар оруулж буй аж. Ахмадуудын эрхийг хамгаалахад төрөөс баримтлах бодлогын талаар багтааснаараа өмнөх хуулиас онцлог юм байна. Тодруулбал, ахмадын эрүүл мэндэд харшлахгүй бол бие даан амьдрах эрхтэй. Өөрийнхөө хүсэл зорилгын үндсэн дээр мэдлэг чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэхийг төрөөс дэмжинэ гэж заасан байна.

Тэдний эрхийг зөрчвөл хариуцлага хүлээлгэх талаар 10 гаруй зүйл заалт бий аж. Ахмадуудад үзүүлэх тусламж үйлчилгээг төрийн бус байгууллагатай гэрээ хийж зохицуулах талаар ч тусгасан байна. Мөн асаргаа, сувилгааны үйлчилгээг гэрээр хүргэхээр хуульд заажээ.

» Насны хишиг гэх нэрийдлээр нүд хуурах төдий хэдэн төгрөг өгөхөөс илүүтэй тэтгэврийн нэмэгдэл чухал гэдгийг хуулийн хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр л онцолсон.
» Хуулийн зарим зүйл заалт амьдралд ойр биш, эргэлзээтэй байна гэсэн асуудлыг ч ахмадууд хөндөж байсан.
» Одоо мөрдөж буй хуульд ахмад настны эрхийн талаар тусгайлсан заалт байдаггүй бол шинэчилсэн найруулгаар оруулж буй аж.
Гэвч шүүмжлэлтэй хандаж буй нэг зүйл нь тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудал байв. Энэ талаар төдийлэн нарийн заасан зүйл заалт байхгүй байгаа юм. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар төрөөс анхаарахгүй бол хоногийн хоолоор гол зогоох хэмжээний мөнгө өгдөг хэмээн гомдоллох настан ч цөөнгүй байна. Зарим өндөр настны хэлж буйгаар өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 16 дахин бага тэтгэвэр авдгаас ядуурлын шугамаас дээш гарахгүй байгаа аж. Иймээс тэтгэвэр тэтгэмжийг шат дараатай нэмэгдүүлэх, орон сууцаар хангах талаар төр, засаг бодлого барих хэрэгтэй гэж ахмадын холбооныхон хэлж байлаа.

"Насны хишиг" гэх нэрийдлээр нүд хуурах төдий хэдэн төгрөг өгөхөөс илүүтэй тэтгэврийн нэмэгдэл чухал гэдгийг хуулийн хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр онцолж байна.

Засгийн газраас олгохоор зэхэж буй "Насны хишиг"-ийг 12 сард хуваагаад үзэхээр нэг сард 8000 төгрөг авах тооцоо гарчээ. Ингэж амсуулах төдий хэдэн төгрөг өгснөөс сарын тэтгэврийг тодорхой хувиар нэмээд өгвөл амьдралд тустай гэсэн саналыг зарим нь гаргаж байв.

Хуулийн зарим зүйл заалт амьдралд ойр биш, эргэлзээтэй байна гэсэн асуудлыг ч ахмадууд хөндөж байсан. Тодруулбал, хуулийн есдүгээр зүйлийн 1.5-д “Ахмад настнуудын санаачлагаар байгуулсан нэгж байгууллага, нөхөрлөл хоршоонд Засгийн газар, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн шийдвэрээр хөрөнгө зээл, дэмжлэг үзүүлж болно” гэсэн заалтыг "үзүүлнэ" гэсэн үгээр оруулах ёстой аж. Учир нь "болно" гэдэг нь үзүүлнэ гэсэн үг биш гэж дарга нар хэлдэг юм байна. Тиймээс эргэлзээтэй заалтуудыг тодорхой болгож, амьдралд ойр зүйлийг оруулах хэрэгтэй гэсэн саналыг ахмадууд тавив.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын УИХ -д өргөн барьсан тус хууль гоё үг ихтэй ч бас эргэлзээ төрүүлэх гогцоотой зүйл цөөнгүй байгаа юм.
САНАЛ БОЛГОХ