Засаглалд залуу парламентчид хэрэгтэй

Мэдээ

Үндэсний парламент дахь 45-аас доош насны гишүүдийн оролцоо 26 орчим хувьтай

УИХ-ын дарга М.Энхболдын хилийн чанад дахь албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Бангладеш улсад үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын нийслэл Дака хотноо болж буй Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганд оролцож байгаа юм. Мөн ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалахын зэрэгцээ Бүс нутгийн бүлгүүдийн дарга нар болон Байнгын хороодын ерөнхийлөгч нартай уулзалт хийв. Уулзалтаар ОУПХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо, Байнгын хороод, бүтцийн бусад нэгжүүдэд эмэгтэй болон залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ОУПХ-ны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаарх гишүүн орнуудын тайлангийн үр дүнг сайжруулах талаар хэлэлцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Одоогоор залуу парламентчдын эзлэх хувь 10 хүрэхгүй байгаа нь чамлалттай. Дэлхийн улс орнуудын үндэсний парламент дахь 45-аас доош насны гишүүдийн оролцоо 26 орчим хувьтай байгаа. Монгол Улсад өнгөрсөн 2016 онд парламентын сонгууль болсон. Сонгогдсон нийт гишүүний 38 хувь нь 45-аас доош насныхан байна. Энэ удаагийн ассамблейд оролцож буй долоон гишүүний гурав нь энэ насныхан. Тиймээс залуу парламентчдын төлөөллийн тоог нэмэгдүүлэх, тэдний үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх боломжийг аль болох түлхүү хангах нь зүйтэй” гэв.


Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ерөнхийлөгч Сабер Хоссейн Чаудритай уулзлаа. Энэ үеэр дэлхий даяар тэгш бус байдлыг арилгах, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах, хүн амын сайн сайхан амьдралын нөхцөл бололцоог бүрдүүлэх сэдвээр энэ удаагийн чуулган болж байгааг онцлоод Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг баталсан гэлээ. Харин Сабер Хоссейн Чаудри ОУПХ-ны үйл ажиллагаанд Монгол Улс байнга идэвхтэй оролцож ирснийг үгийнхээ эхэнд тэмдэглэв. Тэрбээр улс орнуудын парламент улам илүү нэгдэж ажиллах шаардлагатай байгаа нь дэлхий нийтэд өрнөж буй сүүлийн үеийн асуудлуудаас тодорхой байна. Биднээс улс орны ард иргэд, дэлхий нийт илүү ихийг хүсэн хүлээж байгааг ойлгох ёстой. Тиймээс парламентууд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага урьд урьдынхаас илүү чухал байна гэжээ. Түүнчлэн парламентыг чадавхжуулах нь чухал тул чадамжаа өөрсдөө үнэлэх ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлэв. Уулзалтын төгсгөлд Монголын болон Бангладешийн парламентад бүлэг байгуулж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа хоёр тал илэрхийллээ.

ОУПХ-ны ассамблейн 136 дугаар чуулган ирэх лхагва гараг хүртэл үргэлжилнэ. УИХ- ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалав. Тэрбээр “Эдүгээ дэлхий дахинаа улам бүр өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал нь хүний сайн сайхан аж төрөхөд сөрөг нөлөө үзүүлж, эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа нэг үндсэн шалтгаан юм. Энэ удаагийн чуулганы Ерөнхий хэлэлцүүлэг “Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн бүр нэр төртэй, сайн сайхан аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх нь” сэдвээр болж байгаа. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт тусгасан зорилтууд, түүний дотор улс орнуудын хоорондын болон улс доторх тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон, чухал алхам болно” гэлээ.

Дашрамд дурдахад, ОУПХ нь бүс нутгийн зургаан бүлэгтэй бөгөөд түүний нэг нь Ази, Номхон далайн бүлэг юм. Уг бүлэгт ОУПХ-ны гишүүн 33 парламент байдгийн дотор Япон, Энэтхэг, БНХАУ, Канад, БНСУ, Австрали зэрэг дэлхийн томоохон улс орон багтдаг. Түүнээс гадна ОУПХ-ны ажиглагч гишүүдэд гишүүнчлэл нь нээлттэй байдаг аж. Бүлэг нь дарга, нэгдүгээр орлогч, хоёрдугаар орлогч дарга гэсэн удирдлагатай ажилладаг аж.
САНАЛ БОЛГОХ