Хоригийг хожил болгосон ОХУ
Хөдөө аж ахуй
ОХУ сорилтыг боломж болгосныхоо үр шимийг хүртээд эхэллээ
хоригийн хохирогч, тэмцлийн ялагч нь бараг тодорхой боллоо. анУ-аар ахлуулсан барууны орнуудын ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг хойд хөршид ховор боломж болжээ. Угтаа барууны орнууд Оросыг хавчиж, эдийн засгийн хориг тавьсан. харин хойд хөрш өөр лүү нь шидсэн “чулууг” нь боломж болгон ашиглачихаж.
Хоригийг боломж болгосон нь
Өнгөрсөн гурван жилд Орос болон барууны орнуудын харилцаа хүйтэрч, хоёр талын худалдаа, эдийн засгийн түншлэл холдохын хэрээр хойд хөршийн хөдөө аж ахуйн салбар сэргэн мандлаа. энэ онд гэхэд Орос улс сүүлийн 40 жил аваагүй их хэмжээний ургац хураахаар зэхэж байна. энэ жил тус улс 130 сая тонн ургац хураан авах урьдчилсан таамаг гарчээ. Хойд хөршийн хөдөө аж ахуйн яамны цахим хуудсанд мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар 96 сая тонн ургац хураан аваад байгаа аж.
Ургацын хэмжээ олон жилийн дээд цэгт хүрснээс агуулах савны хүчин чадал, тээвэрлэлт ч хөндөгдөж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Одоогоор умард хөршийн усан болон төмөр замын боомтуудад зарим саатал үүсээд байгаа аж. Орос ийнхүү ургацаар бялхаж буйгаас түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ч уруудаад байна. ингэснээр иргэдээ хямд хүнсээр хангах боломж бүрджээ. Тус улсад хүнсний үнэ огцом буураад байгаа. Ялангуяа, жимсний үнэ 1.3, хүнсний ногооных 79 хувь буурсныг ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яам мэдээлэв.
Хориг зөвхөн газар тариалангаар зогсохгүй хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Тухайлбал, Баренцийн хоолойн хүйтэн уснаас хитэг загас олборлодог “Russian Aquaculture” компани энэ онд гарцаа зургаа дахин нэмэгдүүлжээ. Учир нь өрнөдийн хүнсний нийлүүлэлтийг хориглосноос тус улсад загасны эрэлт үүссэн байна.
Ингэхэд энэ бүгдийг хэн эхлүүлсэн бэ. 2014 онд ОХУ Крымийг Украинаас салгаж, өөртөө нэгтгэснээр Европын холбоо, АНУ хамтран Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Хариуд нь москва өрнөдөөс авдаг зарим төрлийн хүнсний импортоо зогсоосон юм. Ингэснээр нэг шөнийн дотор Европын холбооноос тус улсыг чиглэдэг загас, махан бүтээгдэхүүний импортын 60, жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүний импортын 50 хувийг хориглосон. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хөшүүрэг болжээ.
Оросууд хүнсний импортоо хязгаарласан өнгөрсөн гурван жилийн хугацаанд Европын холбооны орнууд багаар бодоход зургаан тэрбум еврогийн худалдан авалтаа алдсан байна. 2013 онд 11.8 тэрбум еврогоор хэмжигдэж байсан Европын холбооноос ОХУ-ыг чиглэх хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт 2016 онд 5.6 тэрбум евро болтлоо буурчээ.
• Оросууд хүнсний импортоо хязгаарласан өнгөрсөн гурван жилийн хугацаанд Европын холбооны орнууд багаар бодоход зургаан тэрбум еврогийн худалдан авалтаа алдсан байна.
• Хойд хөрш 2017 онд үр тарианы экспортын хэмжээгээ дээд цэгт нь хүргэхээр төлөвлөж буй.
• 2028 он гэхэд хойд хөршөөс Хятадыг чиглэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг 52 сая тоннд хүргэх зорилт тавьжээ.
Гэхдээ барууны орнуудын шошготой барааны нийлүүлэлт буурахын хэрээр хойд хөршийн хөдөө аж ахуйг сонирхох бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын тоо өссөн байгаа юм. Төр засгаас нь ч анхаарч, уг салбарт 214 тэрбум рублийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь хөдөө аж ахуйн салбар цэцэглэн хөгжихөд дэм болсон нь дамжиггүй. Энэ эрчээрээ урагшилж, ОХУ хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь дотоодоосоо хангах зорилт тавиад байна. 2025 он гэхэд энэ зорилтоо биелүүлнэ гэж тус улсын хөдөө аж ахуйн сайд александр николаевич Ткачёв мэдэгдлээ. Хойд хөршийн Ерөнхийлөгч владимир Путин “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг орлож, гарцыг нэмэгдүүлэн, хүнсний аюулгүй, бие даасан байдлаа бэхжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. мөн сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татаж, аж ахуйн нэгжүүдээ ч шинэ тоног төхөөрөмжөөр тоногложээ.
Ингэснээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийг тэжээх том амбийц тээж байна. энэ онд л гэхэд 40 сая тонн үр тариа экспортлохоор төлөвлөөд байгаа. Монгол Улс тус улсаас энэ онд 200 мянган тонн улаанбуудай худалдан авахаар тохирсныг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлсэн юм.
Мөн улаанбуудайг ОХУ-д борлуулж буй үнээс хямдаар авахаар болсон байна. Өнгөрсөн онд үр тарианы экспортоос 20 тэрбум ам.доллар олсон хойд хөрш 2017 онд экспортын хэмжээгээ дээд цэгт нь хүргэж, амжилтаа ахиулахаар төлөвлөж буй.
Өнгөрсөн онд тус улс Египет, Турк, Нигер, Иран зэрэг оронд үр тариа нийлүүлжээ. Харин энэ онд Зүүн өмнөд азийн орнуудаас экспортоо эхлүүлэх аж. Оросын хөдөө аж ахуйн өсөлт дунд орхиж болохгүй нэг үзүүлэлт бий. Хойд хөршөөс хятадыг чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, манай хоёр хөрш хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцаа холбоогоо эрчимтэй бэхжүүлж байна. Зөвхөн экспортлоод зогсохгүй хамтран ажиллах, ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, хятадын зах зээлд борлуулах гээд олон талт хамтын ажиллагааг эхлүүлжээ. 2028 он гэхэд хойд хөршөөс хятадыг чиглэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг 52 сая тоннд хүргэх зорилт тавиад амжжээ. Гэтэл хаяа залган оршиж буй бэлчээрийн мал аж ахуйтай, хөдөө аж ахуйд түшиглэсэн монгол Улсын урд хөршдөө нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний экспорт хэдий хэмжээнд хүрээд байгаа билээ. Бодох л асуудал.
ОХУ хөдөө аж ахуйд суурилсан экспортын зах зээлээ улам тэлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд газар тариалан эрхлэх боломжтой талбайн хэмжээг нэмж, усалгааны системийг шийдэж, техник технологио улам хүчирхэг болгох нь. Мөн сүүний болон махны аж ахуйг хөгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлд анхаарч ажиллахаар зорьж байна.
Нэгэн цагт олон улсын харилцааны хоригт өртөж, буланд шахагдаж байсан ОХУ сорилтыг боломж болгож ашигласныхаа үр шимийг хүртээд эхэллээ. Үндэсний үйлдвэрлэл хөгжих үндэс суурь, орон зайг бий болгосноор хүн амаа эрүүл хүнсээр хангаад зогсохгүй эдийн засгаа тэтгэх, экспортын нэгэн тулгуур салбарыг цогцлоогоод байна. Олон улсын геополитикийн өрсөлдөөнд хэн ухаалаг байсан нь хождогийн баталгаа нь ОХУ. Тэгвэл хэдхэн жилийн дотор хөдөө аж ахуйн салбараа эрчимтэй хөгжүүлсэн хойд хөршийн түүх хэрэгцээт улаанбуудайныхаа тал хувийг ОХУ-аас, хүнсний ногооныхоо тэн хагасыг хятадаас авах гэж буй Монгол Улсад шууд хуулбарлах ашигтай хувилбар биш гэж үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй