МЭНДЧИЛГЭЭ

Байр суурь

Сэтгүүл зүйн салбарын эрхмүүд, Өдөр тутмын сонинуудын удирдлага, сэтгүүлч, нийтлэлчид ээ,

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Дэлхийн сонины холбооны албан ёсны гишүүнээр батламжлагдсан Монголын сэтгүүл зүйн салбарын түүхэн үйл явдлын гэрч болж буй Та бүхэнд халуун баяр хүргэе.

Энэ үйл явдал нь нэг талаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар олон улс, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэж буй, нөгөө талаас олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан мөрдөх, үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн шинэ шатанд дэвших боломжийг нээж байгаад баяртай байна.

Хариуцлагатай сэтгүүл зүй нь засаглалд гарч буй алдаа дутагдлыг илчлэх, дээд түвшний авлигын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, шударга ёсыг шаардах индэр, дуу хоолой болж, нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэгч, үлгэрлэгч байх естой. Ингэж чадах аваас эрүүл, шударга нийгмийн эд эс болж, жинхэнэ утгаараа Дөрөвдэх засаглал хэмээн хүндлэгдэх болно.

Улс орон, ард түмнийхээ өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө үүрэг хариуцлагаа батламжлуулж буй Та бүхэнд Дөрөв дэх засаглал хэмээх нийгмийн өмнө хүлээсэн онцгой үүрэг хариуцлага, эрхэм алдраа нэр төртэйгөөр өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе. Монголын өдөр тутмын сонины сэтгүүлч, нийтлэлчид, нийт сэтгүүл зүйн салбарынхны маань үзэг хурц, үнэний төлөөх дуу хоолой ямагт шударгуу байх болтугай.



             
                 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                      ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

                            

 Төрийн ордон, Улаанбаатар хот
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр


САНАЛ БОЛГОХ