Мөхөл рүү чирсэн мөрөөдлийн төлөвлөгөө

Нийтлэлчийн булан


Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ДНБ-ээс 2.3 дахин их санхүүжилт шаардлагатай

Нийт хүн амын тал хувь ирэх 10, 20 магадгүй түүнээс ч олон жил ямархан дүр төрхтэй хотод амьдрахыг нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тодорхойлж, парламент нь хуульчлаад өгчихсөн. Харин энэ хуулийн уршгаар өнөөдөр 1.4 сая иргэн түгжрэл, утаа, бохирдол дунд амьдарч байгаа нь гашуун үнэн юм. Нийтийн тээврийн томоохон төсөл, гэр хорооллыг барилгажуулж, дэд бүтцэд холбох, замын өргөтгөл гээд бүхий л ажил “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт заасны дагуу явж буй. Цэцэрлэг, сургууль болон авто замын нээлт, томоохон бүтээн байгуулалтын шав тавих ёслолын үеэр дарга нар цагаан бээлий углаж, тууз хайчлах бүрдээ “нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу” гэх хахаж цацмаар хуурай үгсийг оршил болгодог нь мэдээгээр байнга шахуу гардаг. Гэхдээ чухам ямар төлөвлөгөө баримталдаг бол гэж нэг удаа бодож, өнгийж харж үзсэн үү, Та. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол 2020 он гэхэд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдсэн, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 30.3 ам.метр буюу одоогийнхоос 10-15 дахин их, аж үйлдвэр өндөр хөгжсөн, бохирдолгүй хот болох юм. Тиймээс ч иргэдийнхээ төлөө чин үнэнч сэтгэлтэй гэдгээ харуулах нэг гол зүйл нь төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгээ хэвлэлийнхэнтэй уулзах бүрдээ харуулах явдал. Тун ажил хэрэгч байдалтайгаар шүү.

Гэтэл энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 54.3 их наяд төгрөг буюу Монгол Улсын энэ оны ДНБ-ээс 2.3 дахин их мөнгө хэрэгтэй. Ирэх оны төсвийн орлого нь хагас их наяд төгрөг дөнгөж давсан нийслэлийн хувьд 54.3 их наяд төгрөг гэдэг 60-70 жилийн турш цуглуулж байж үүсэх дүн юм. Нэгэн сайхан мэдээ дуулгая. Он гарангуут Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн тус бүр 100 ор бүхий хүүхдийн эмнэлэгтэй болох мөрөөдөл биелэх хугацаа хоёр жил болж богиносно. 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад 2016-2020 онд 70.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр 100 ортой хүүхдийн эмнэлэг барихад 21 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ганц ажил гэвэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн шинэ барилга л байна. Гэхдээ өмнө нь 40 ортой байсан эмнэлгийг 100 болгож, амбулаторийн хүчин чадлыг нэмэгдүүлснээс өөрөөр тусдаа эмнэлэг бариагүй. Харин Хан-Уул болон Чингэлтэй дүүргийнх нь сураг ч алга.

• Чухам ямар төлөвлөгөө баримталдаг бол гэж нэг удаа бодож, өнгийж харж үзсэн үү, Та.

• Хотын төвлөрлөө сааруулж байж энэ их түгжрэл, утаа тортог, гэр хороолол багасна гэдгийг дунд сургуулийн сурагчид хүртэл ойлгодог.

• Та нар ийм л орчинд амьдар гээд ичгүүргүйгээр баталсан энэхүү төлөвлөгөөг нэг бол цуцалж, эс бөгөөс өөрчлөх цаг болжээ.

Мөн хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгох нь нийслэлийн удирдлагын 2020 он гэхэд биелүүлсэн байх ёстой нэг том ажил. Гэтэл нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр энэ хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэггүй 10, сургуульгүй 43 хороо байгаа аж. Тиймээс 2020 он хүртэл жилд 20 гаруй хороонд сургууль барих шаардлагатай юм. Гэвч хотын дарга энэ жил ердөө 10 сургууль ашиглалтад орно гэх олиггүй мэдээ дуулгасан. Гэтэл хүн амын өсөлт нь ямар хурдтай явагдаж байгаа билээ дээ. Төлөвлөгөөг илүү лавшруулан өнгийвөл үлгэрийн жагсаалт хаа сайгүй үргэлжилнэ. Налайх, Багануур, Багахангай, Төв аймгийн Аргалант сум нь аж үйлдвэрийн, татваргүй, ложистик төвүүд болж, Улаанбаатар хотыг гийгүүлэхээрээ нэг болох юм байх. Мөн Хөшигийн хөндийд босож буй шинэ нисэх буудал нь Аеросити хот болно. Гэтэл бодит байдал дээр ирэх онд ашиглалтад орох уг нисэх буудалд монголчууд дөрвөн ширхэг орон сууц барих гэж өнөөг хүртэл ямар элгийн явдлууд болж буйг манай сонин өмнө нь мэдээлсэн. Ямар сайндаа л япончууд бүхэл бүтэн нисэх онгоцны буудал барьж өгчихөөд байхад монголчууд дөрвөн орон сууц ч босгоогүй байна гэх явган шог гарч байхав. Үүнээс гадна одоо байгаа дүүргүүд бүгд бизнесийн, сууцны, олон нийтийн гэх зэргээр төрөлжих гэнэ. Нийслэл тэр аяараа хурдны замтай болж, иргэд галт тэргээр дагуул хотууддаа зорчино хэмээн одоо бодоход ичмээр олон мөрөөдөл жагсаажээ.

Гэтэл метро барих мөрөөдлөө оршуулчихсан. Ичмээр энэ төлөвлөгөөгөө бариад энд тэндээс хөрөнгө босгосон ч өнөөдөр үхмэл олон ТЭЗҮ-ээс өөр зүйл үнэндээ алга. Үнэндээ уг төлөвлөгөөг амьдралд буухгүй, бас нэг нэгнээ үгүйсгэсэн олон заалттай хэмээн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд шүүмжилдэг юм билээ. Төрөөс иргэддээ үзүүлэх ёстой эрүүл мэнд, суурь боловсролын хүртээмжийг сайжруулах боломж уг төлөвлөгөөнд хэрхэн тусгагдаж, бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгаа нь дээрх хоёр жишээнээс тодорхой харагдана. Хотын төвлөрлөө сааруулж байж энэ их түгжрэл, утаа тортог, гэр хороолол багасна гэдгийг жирийн иргэдээс эхлээд дунд сургуулийн сурагчид хүртэл ойлгодог болсон. Гэтэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд Улаанбаатар хотын чиг үүргийг үйлдвэрлэл, бизнес, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёлын бүх үйлчилгээ төвлөрсөн, улс, бүс нутгийн ач холбогдол бүхий зангилаа төв гэж заажээ. Үүн дээр нэмээд засаг захиргаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв гээд тодорхойлсныг нь харвал Монгол ямар Сингапур шиг хот улс уу гэх асуулт өөрийн эрхгүй төрөв. Харин ложистикийн төв учраас түгжрэл ихтэй, соёл боловсролын төв учраас оюутнуудаа хотоос гаргаж чадахгүй, үйлдвэрлэлийн төв учраас бохирдол, чимээ шуугиан ихтэй юм байна гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй.

Уг нь бусад улс орон засаг захиргаа, аж үйлдвэр, шинжлэх ухаан технологи, соёл урлагийн төвүүдээ өөр өөр хотод байгуулдаг. Гэтэл манайд хэзээ ч бүтэхгүй энэ мэт романтик зорилтынх нь уршиг зардал мөнгө гэсэн ойлголтоос хэдийнэ хальж, иргэдийн эрүүл мэнд, нялхсын нь амь насаар хэмжигдэж байна. Иргэд нь аз жаргалтай, эрүүл, ажил орлоготой, төр засагтаа итгэж амьдрах нь хөгжингүй хотын мөн чанар болохоос биш өнөөгийнх шиг жилийн 365 өдрийн турш иргэн бүр агаарын бохирдолд санаа зовж явах учиргүй. Хөшөө барьж, гудамж гэрэлтүүллээ гээд өдрийн талыг замын түгжрэлд бардаг иргэд, өвлийн ихэнхийг эмнэлгийн ор сахидаг хүүхдүүд аз жаргалтай болно гэвэл түүн шиг харалган бодол байхгүй биз. Уг нь нийслэлийн төлөвлөгөөнд их сургуулиудыг нүүлгэх, гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг тэглэх, хот руу ирэх шилжилтийг зогсоох, дугаарын хязгаарлалт тогтоох тухай нэг ч үг, өгүүлбэр, утга санаа байхгүй. Гэхдээ ирэх жилүүдэд та нар ийм л орчинд амьдар гээд ичгүүргүйгээр баталсан төлөвлөгөөг нэг бол цуцалж, эс бөгөөс шаардлагатай өөрчлөлтүүдээ хийх цаг болсныг нөхцөл байдал харуулж байна. Монгол оронд газар олдохгүйн зовлон байх биш хэзээ ч бүтэхгүй төлөвлөгөө ярьж, хүүхэд нохойн доог болж, хүн ардаа золиосолж суухаар баримт бичгээ зоригтойхон өөрчилж, орчин үетэйгээ хөл нийлүүлэхсэн.

САНАЛ БОЛГОХ