Нөөцийн төлбөр төсвийн орлого төдий биш

Нийтлэлчийн булан

Усны төлбөрийн орлогын 60 орчим хувийг зориулалтын бусаар зарцуулдаг

Хангайн нурууны Суварга хайрхан уулнаас эх авч, Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын усаар “Та цай чанаад уух уу” гэх асуулттай саяхан тулгарлаа. Бага зэрэг тээнэгэлзсэн ч “Одоо бол уухгүй” хэмээн хариулав. Магадгүй хориод жилийн тэртээд бол Орхон голын уснаас санаа зовохгүй ундаалж болох байсан гэдэг нь эргэлзээгүй. Эрэг дээр нь амрахын тулд уух усаа зөөж очих ч шаардлагагүй байсан биз.

Харин одоо байдал өөр. Уул уурхайн улмаас бохирдсон Орхон голын эхийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг орон нутаг хариуцаж хийх ёстой. Өөрөөр хэлбэл, голын усыг ашигласныхаа төлөө аж ахуйн нэгжүүдийн төлсөн төлбөрийн 35-аас багагүй хувийг Орхон гол дайран өнгөрдөг аймаг, сумдын удирдлага нөхөн сэргээхэд зарцуулах ёстой. Гэтэл орон нутгийн удирдлага эл үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь Орхон голын усаар одоо цай чанаад ууж болохгүй шалтгаан юм.

2012 онд батлагдсан Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн дагуу рашаан, усны нөөц ашигласны төлбөрөөс жилд 40 гаруй тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрдөг. Үүнд зөвхөн уул уурхай төдийгүй бусад төрлийн үйлдвэрлэл, өрх гэрийн ч төлбөр багтана. Гэхдээ үүнээс төвлөрсөн орлогыг үнэхээр усаа нөхөн сэргээж, дахиад олон жил устай байхад зарцуулж байна уу, эсвэл аймаг, сумын Засаг даргын автомашины бензинд шатаагаад дуусаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Манай улс усны нөөц багатай 22 орны нэг. Усны эх бүрэлдэх өндөрлөгт оршдог ч гадаргын нийт усных нь 60 гаруй хувь Монголын газар нутгаас гараад явчихдаг. Нөгөөтэйгүүр, гадаргын болон газрын доорх ус нь жигд бус тархсан тул тэр хэрээр уг нөөцөөс орж ирэх мөнгө орон нутагт харилцан адилгүй хэмжээтэй. Тухайлбал, Булган аймгийн төсөвт “Эрдэнэт үйлдвэр” Сэлэнгэ мөрний усыг хэрэглэснийхээ төлөө 2016 онд 11.8 тэрбум төгрөг төлжээ. Хуулийн дагуу үүнээс 4.1 тэрбумыг нь Сэлэнгэ мөрнийг бүрдүүлэгч голуудын эхийг хамгаалахад зарцуулах учиртай. Харин Булган аймгийн Засаг дарга ердөө 521 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 3.6 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үг.

Угтаа бол Сэлэнгэ мөрний ус зөвхөн Булган аймгаас бүрдээгүй. Харин хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт хамаарах олон гол горхи, булаг шандаас эх авч буй. Тиймдээ ч Сэлэнгэ мөрний усыг ашигласны төлбөрийг эх бүрэлдүүлэгч аймгуудад хуваарилах ёстой. Харамсалтай нь, ийм зохицуулалт Төсвийн болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд алга. Улсын хэмжээнд байгаль орчныг хамгаалах бодлогыг зангиддаг салбарын яаманд ч уг нөөцийг сэргээхэд зарцуулах эрх мэдэл байдаггүйд албаныхан болон шинжээчдийн аль аль нь шүүмжлэлтэй хандаж байна.



2016 онд усны нөөц ашигласны төлбөрөөс аймаг, нийслэлд төвлөрсөн 40.1 тэрбум төгрөгийн дийлэнх буюу 68.3 хувь нь Булган, Өмнөговь аймгаас бүрджээ. Харин нийслэл 2.2, Дорнодын газрын тосны үйлдвэрээс 3.4, Төв аймаг 1.8 тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрийн орлогоос тус тус төвлөрүүлжээ.

Хуульд зааснаар үүний 14.3 тэрбум төгрөгийг нь булаг шанд, гол горхины эхийг нөхөн сэргээх, хамгаалах, хурын усыг хуримтлуулах, цөөрөм байгуулах, усны сав газрын байгаль хамгаалалд зарцуулах ёстой. Уг биелэлтийг хангаж байж ард иргэд уух устай, байгаль дэлхий хатаж гандахгүй, уул уурхайн болон бусад үйлдвэрлэл усаа олон жил тогтвортой ашиглах нөхцөл бүрдэнэ. Гэвч үнэндээ 5.8 тэрбум буюу 40 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулжээ.

Гэтэл энэ зуур хур тунадаснаас хамааралтай манай орны гадаргын ус жил ирэх тусам багассаар. Байгаль орчны 2015-2016 оны төлөв байдлын тайлангаар жилд ширгэж буй нуур цөөрөм, гол горхи, булаг шандын тоо мянга хол давжээ. Тухайлбал, 2015 онд 328 гол горхи, 1102 булан шанд, 495 нуур ширгэсэн байна. Харин 2016 онд ширгэсэн гол горхи 263, булаг шанд 774, нуур 346 болж нэмэгдсэн гэсэн харамсалтай мэдээ бий. Гэтэл энэ хугацаанд ердөө 280 булаг шандыг бохирдох, хомсдохоос сэргийлж, хашиж хамгаалжээ.

“Байгаль баялгаа өгөхдөө өөрөө өөрийгөө нөхөн сэргээх төлбөрөө ч хамт хуваарилдаг юм. Хүмүүс бид үүнийх нь дагуу нөхөн сэргээгээд байвал байгаль эргээд бүр их баялаг өгдөг. Энэ бол эдийн засгийн энгийн мэдлэгтэй хэний ч ойлгох зүйл” хэмээн ус судлаач, доктор Д.Басандорж тайлбарлалаа. Тиймдээ ч дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил буюу баялгийн түүхий эд болсон байгалийн нөөцийг хэрхэн зүй зохистой, үр дүнтэй, удаан хугацаанд хэрэглэхэд бодлогоо чиглүүлж, бас уралдаж байна.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай төрийн бодлогоо уялдуулж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан хэдий ч нөөцийн төлбөрөө одоог хүртэл үр дүнтэй зарцуулж чадахгүй байгааг байгаль орчны гавъяат ажилтан Б.Чимэд-Очир шүүмжилж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийг төсвийн орлого төдийгөөр харж, цоорхойн нөхөөс болгосонд харамсаж буй­гаа тэрбээр илэхийлэв. Уг нь салбарын бодлогоо зангиддаг яам орлогоо төвлөрүүлж, хаана, хэдий хэмжээтэй зарцуулахаа шийддэг баймаар. Энэ дагуу сав газрын захиргаад ч ажиллаж байх учиртай. Нөхцөл байдал эсрэгээрээ байгаагаас усыг сав газрын хэмжээнд хамгаалах бодлого хэрэгжиж чадахгүй байна. Усны нөөц ашигласны төлбөрийн орлого, зардал руу дахиад нэг өнгийе. Дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэх Хөвсгөл далай манай улсын хувьд стратегийн чухал нөөц. Аймгийн төсөвт уг нуурын ус ашигласны орлого болох 65.7 тэрбум төгрөг төвлөрчээ. Уг орлогоос Хөвсгөл далайг хамгаалахад 23 саяыг нь зарцуулах ёстойгоос 18.8 саяыг зарцуулсан байна. Уг нь стратегийн орд гэдэг утгаараа Хөвсгөл нуурын экосистем, эхийг нь хамгаалахад хэдэн тэрбумаар нь хаях учиртай. Харамсалтай нь, төсвийн бүрдэл орон нутагт тарамдсанаар уснаас олсон орлогоо зориулалтын дагуу гүйцэд зарцуулж чадахгүй байна гэдгийг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган ярилаа. Тэрбээр “Орон нутаг бүрт шийдэх асуудал олон байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангах амаргүй байна. Бид хэдийгээр шаардлага тавьдаг ч уснаас олсон орлогыг боловсролд зарцуулах уу, нөхөн сэргээлтэд зарцуулах уу гэдгийг нарийн нягт мөрдөх эрх зүйн орчин үнэндээ алга” гэв.

Уг нь орон нутгийн төсвийн орлогыг үйлдвэрлэлийг дэм­жих замаар баялаг бүтээгчдийн татварын орлогоор бүрдүүлж, нөөцийн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулбал байгаль орчноо сэргээж, хойч үедээ өвлүүлэхэд ямар ч асуудалгүй хэмээн 1997-1998 онд салбарын сайдаар ажиллаж байсан Ц.Адъяасүрэн хэлсэн юм. Нөгөөтэйгүүр, 40 орчим хувийн биелэлттэй яваа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатай байна. Ин­гэж байж ирээдүйд үнэ цэнэ нь улам нэмэгдэх чандмань эрдэнээ хамгаалах санхүүгийн боломж нэмэгдэнэ.
САНАЛ БОЛГОХ