Жимсний шүүс нас барах эрсдэлийг хоёр дахин өсгөдөг

Мэдээ


Чихэрлэг ундааны найрлагад тэжээллэг бодис байдаггүй

Сахарын найрлагатай ундаа, түүний дотор жимсний шүүс зүрх ба бусад өвчнөөр нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Зургаан жилийн турш 17.9 мянган хүн дээр ажиглалт хийсэн Америкийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрснийг Medicalexpress сэтгүүлд бичжээ. Америкийн Зүрхний өвчний холбооны баг судалгааны тайланг танилцуулсан байна. “Зүрхний шигдээс тохиолдсон хүмүүсийн газар зүй ба арьс өнгөний ялгааны шалтгаан” гэдэг нэртэй өөр нэгэн судалгаа дээрх тайлангийн суурь болсон юм.Өдөрт 0.68 литрээс дээш хэмжээний чихэрлэг ундаа уудаг хүмүүс зүрхний ба бусад өвчлөлөөр нас барах эрсдэл үүнээс бага хэрэглэдэг хүмүүсийнхээс хоёр дахин илүү байдгийг судалгаагаар тогтоолоо. Судалгааг удирдсан доктор Жин Уэлшийн ярьснаар тэдний гаргасан дүгнэлт сахар хэтрүүлэхгүй байхын чухлыг дахин нотолж байна. Тэрбээр “Энэ тайлан хүний хүнсэнд амтат ундааны хувь хэмжээг багасгах ёстойг илрүүлсэн бусад судалгааны үр дүнг нотоллоо” гэсэн юм.

Эрдэмтдийн дүгнэлт зөвхөн ундаанд хамаарах бөгөөд сахарын өндөр агууламжтай хоол болон зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийн хоорондын холбоог илрүүлж чадаагүй байна. Энэ нь чихэрлэг ундааны найрлагад өөр тэжээллэг бодис байдаггүйтэй холбоотой байж болох юм. Ийм ундаа ууснаар хүний организм дан сахар шингээхэд хүрдэг байна. Харин хоолонд бол сахараас гадна өөх, уураг гэх мэт бодисын солилцоог сааруулах бодис агуулагддаг. Эрдэмтэд зөвхөн үзэгдлүүдийн холбоог тогтоосон боловч учир шалтгааны тайлбарлаагүй байна.


САНАЛ БОЛГОХ