Төмөр замын шар байруудыг нурааж эхэллээ

Мэдээ

Барилгын компаниудад зургадугаар сарын 15-н гэхэд ажлаа эхлүүлэх шаардлага тавьсан

Төмөр замын шар байрууд буюу Баянгол дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 28 байрыг нурааж, дахин барихаар болсон. Бараг хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн энэ асуудал иргэд барилгын компани хоорондын тохиролцооноос шалтгаалан өнөө хэр шийдэгдэж чадахгүй байсан юм.Тэгвэл уг төсөлд шалгарсан хоёр компани барилгыг нурааж шинээр барих ажлаа өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн байна. Тиймээс үлдсэн байруудын ажил хэзээ эхлэх болон барилгын ажлын явцын талаар НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяраас тодрууллаа.

-Төмөр замын хэдэн байрыг нурааж байгаа вэ. Шинээр баригдах байрууд хэзээ ашиглалтад орох вэ?

-2015 оны тавдугаар сард уг байршилд тендер зарлаж, есөн багц болгон хуваасан. Төсөл хэрэгжүүлэхээр зургаан компани шалгарсан. Энэ жилийн хувьд “Тэргүүн чансаа” болон “Алтан трейд” компани тус бүр нэг барилгыг нурааж, шинэ орон сууцыг ирэх жилийн намар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд “Тэргүүн чансаа” гурав, “Алтан трейд” компани дөрвөн барилгыг дахин төлөвлөх ёстой.
Актлагдсан хуучин орон сууцыг дахин төлөвлөж барихдаа эхлээд тухайн барилгад амьдардаг иргэдийн саналыг авах ёстой.
-Нэг байранд хэчнээн айл амьдарч байгаа вэ. Тэдгээр хүмүүсийг түр орон сууцаар хангах уу?
-Актлагдсан хуучин орон сууцыг дахин төлөвлөж барихдаа эхлээд тухайн барилгад амьдардаг иргэдийн саналыг авах ёстой. Хэрэв нийт оршин суугчдын 80 хувь нь дэмжвэл төслийг хэрэгжүүлэх учиртай. Улмаар тухайн газарт компаниуд барилга барьж, оршин суугчдад өмнөх байрных нь талбайн хэмжээгээр тооцож, шинэ орон сууц өгнө. Хотын удирдлагууд барилгыг нураах, шинэ барилгыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд компаниуд нийслэл, иргэн, компанийн хооронд хийгдэх гурван талт гэрээний дагуу байрны түрээсийн төлбөрийг даах гэх зэргээр хүндрэл учруулахгүйгээр, хуучин орон сууцуудыг шинэчлэх тооцоог гаргасан.

-Үлдсэн барилгыг хэзээ нурааж, дахин төлөвлөх вэ. Бусад компаниуд ямар учраас ажлаа эхлэхгүй байна вэ?

-Барилгын компаниудын зүгээс иргэдийн эзэмшиж байгаа орон сууцны талбай дээр 8-10 ам метр нэмж тооцно гэж байгаа. Ингээд шинээр баригдах байрнаасаа орон сууц өгнө гэсэн санал тавьж байгаа. Мөн байраа илүү томруулах бол ам метр тутмыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж ч олгож буй. Гэтэл зарим иргэд болон нэг давхрын албан байгууллагууд барилгын компанийн энэхүү саналыг хүлээж авахгүй, илүү их үнэ төлбөр нэхэснээс өнөөг хүртэл тохиролцож чадахгүй байна. Бид барилгын компаниудад өнгөрсөн зургадугаар сарын 15-н гэхэд ажлаа эхлүүлэх шаардлага тавьсан. Гэтэл одоо хоёр компани л ажиллаж байна. Тиймээс үлдсэн гурван компанийн эрхийг цуцлах асуудлыг ярьж байна. Харин нэг компанийн эрхийг цуцалсан байсан бөгөөд дахин тендер зарласан.


САНАЛ БОЛГОХ