Автомат жолоодлоготой автомашины хөгжүүлэлт эрчимжиж байна

Мэдээ

Автомашин үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа технологийн компаниудын хөрөнгө оруулалт татах чадвар жил ирэх тусам сайжирч байна. Энэ нь томоохон автомашин үйлдвэрлэгчид автомат жолоодлоготой автомашины хөгжүүлэлт, судалгаа шинжилгээний ажлаа өргөжүүлж байгаатай шууд холбоотой аж. “CB insights” байгууллагын тооцоолсноор нийт 33 компани автомат жолоодлоготой автомашины хөгжүүлэлтэд ямар нэгэн байдлаар оролцож байна. Эдгээрийн дотор автомашин үйлдвэрлэгч томоохон компаниас эхлээд технологийн брэнд компани хүртэл багтаж байгаа юм. 2016 оны долдугаар сар хүртэл авто технологийн стартап компаниуд 36 хэлэлцээр хийж, нийт 450 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан нь хагас жилийн үзүүлэлт боловч 2015 оны бүтэн жилийн дүнтэй тэнцэж байгаа ажээ.

Ерөнхийдөө өнөөгийн хэмнэлээр ажиллавал 2035 онд 21 сая автомат жолоодлоготой автомашин хэрэглээнд нэвтрэх тооцоотой байгаа юм. Зохион бүтээгчдийн дэвшүүлэн тавьж байгаа хамгийн том давуу тал бол илүү аюулгүй жолоодлогыг бий болгосноор олон хүний амь насыг зам тээврийн ослоос хамгаалах юм. Тухайлбал Их Британид хийсэн “KPMG” байгууллагын тооцоогоор автомат жолоодлоготой автомашин хэрэглээнд нэвтэрснээр тус улсын зам тээврийн ослын улмаас амиа алдах эрсдэл 2030 он хүртэл 2500-аар буурах боломжтой юм байна.

АНУ-д жилд 30 мянган хүн зам тээврийн ослоор нас бардаг. Хэрэв зам дээрх автомашинуудын 90 хувь нь өөрөө жолоодлоготой болбол энэ тоо 11 мянга болж буураад зогсохгүй зам тээврийн осол зургаан саяас 1.3 сая болгон буурах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Үүнээс гадна өөрөө жолоодлоготой автомашинууд том хотуудын багтаамжийг 15-20 хувиар нэмэгдүүлэхэд туслах юм байна. Учир нь ажлын тань гадаа зогсоол эзлэн дэмий зогсохын оронд таны автомашин гэр бүлийн тань өөр хэн нэгнийг хүргэж өгөх боломжтой болж байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ