АНУ-ын Сенат Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

Мэдээ

АНУ-ын Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намаас Сенатад өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, хяналт шалгалтыг сайжруулах тухай санал дэмжигдээгүй байна. АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод болсон халдлагын дараа Галт зэвсгийн тухай хууль болон хяналт, шалгалтыг эргэн нягтлахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан Ардчилсан нам үндэсний хяналт, шалгалтын системийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, галт зэвсэг худалдан авсан хүнийг алан хядлага үйлдэх эрсдэлтэй иргэдийн жагсаалтад оруулж, шалгах саналыг дэвшүүлсэн байна. Харин Бүгд Найрамдах нам галт зэвсгийг хувиараа худалдаалахад тавих хяналт, шалгалтыг сайжруулж, террорист гэмт хэрэгтэй холбогдсон галт зэвсгийн худалдааг шүүхээр хориглох саналыг хүргүүлээд байгаа юм. Сенатад өргөн барьсан саналыг 100 гишүүний 60 нь дэмжсэн тохиолдолд баталдаг боловч энэ удаагийн санал хураалт хангалттай дэмжлэг авч чадаагүй учраас буцаагджээ. Түүнчлэн 2012 онд Коннектикутод болсон алан хядлага, 2015 онд Калифорни хотод болсон гэмт хэргийн дараа галт зэвсгийн хуулийг сайжруулах саналыг АНУ-ын Сенатад өргөн барьсан ч дэмжээгүй байна.


САНАЛ БОЛГОХ