“Эцэг” хуулийг ингэж өөрчилнө

Нийтлэл

Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно

Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай ард ний­тийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион бай­гуулахаар төлөвлөж байгаа. Иймд даваа гарагт Засгийн газраас Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлд ард нийтийн санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэснийг 21-ээс доошгүй хоног болгон өөрчлөхөөр тусгасан юм. УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН бүрэн эрхийнхээ хугацаанд амжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар шуударч буй нь энэ.

Энэ хүрээнд өнгөрсөн мягмар гарагт УИХ дахь МАН-ын бүлгээс парламентад суудалтай болон суудалгүй улс төриийн хүчнүүдийн удирдлагыг орол­цуулсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах асуудалд нухацтай хандаж, нийтээрээ зөвшилцсөний дараа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн улс төрийн намуудын ойлголцол, зөвшилцөл чухал үүрэгтэйг ч тодотгосон юм. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асууд­лыг амжилттай зохион бай­гуулна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээс хоёр удаа зөвлөлдөх санал асуулга авч, өөрчлөлт оруулах асуудлаар ойлголцолд хүрч эхэлж байгааг мөн дуулгасан.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүн­дээжанцан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахаар тусгажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн болон Засгийн газар л хууль санаачлах эрх эдлэх аж. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод хуваагдахаар тусгасан байна. Аймаг нь сум, хотод, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдах аж. Үүнтэй уялдуулан аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот, дүүргийн Засаг даргыг харьяалах дээд шатны Засаг дарга, баг, тосгон, хорооны Засаг даргыг мөн л харьяалах дээд шатны Засаг дарга дөр­вөн жилийн хугацаатайгаар томилохоор тусгасан байна.

Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн “давхар дээл”-тэй байх боломж бүрдэж буй. Мөн Засгийн газрын бүтцийг хуульчилжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам болон Байгаль орчны яам гэсэн үндсэн таван чиг үүргийн яамтай байх аж. Ингэснээр Засгийн газар солигдох бүрт яамдын нэрийг сольж, төрийн албан хаагчдыг хоморголон халдаг тогтолцоог тодорхой хувиар бууруулах боломж бүрдэж байгаа юм. Ерөнхий сайдад нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоо хүртэл яамыг нэмж байгуулах боломжийг олгожээ.

Онцлоход, УИХ нэгдсэн төсвийг батлахдаа Засгийн газ­рын санал авалгүйгээр зард­лын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэг­дүүлэхийг Үндсэн хуулиар хориглох аж. Ингэснээр УИХ-ын гишүүд өөрсдийн тойрог­тоо хөрөнгө оруулалт нэмэх болом­жийг хумина хэмээн тооцжээ.

Үүнээс гадна УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн, 35 нас хүрсэн иргэ­нийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг 40, 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг 30 нас болгон нэмэгдүүлжээ. Дашрамд дурдахад, Ерөнхий­лөгчийн бүрэн эрхтэй холбоотой заалтуудыг 2021 оноос, бусад зохи­цуулалтыг 2020 оноос эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

» Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хоёр шат дамжлага үлдээд байна.

» Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгажээ.

» Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар төсөлд тусгасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад аль нэгэн улс төрийн хүчин, хэн нэгэн хүний эрх ашгийг урьтал болгохгүй. Эрх ашгийн эрэмбэ дарааллыг гол зарчим болгож, бүх шатны саналыг сонсож, Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах, эсэхийг тодорхойлсон” гэлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хоёр шат дамжлага үлдээд байгаа юм. Тодруулбал, Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах л үлдээд буй.

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтад оролцсон улс төрийн хүчнүүдийн төлөөлөл өөрсдийн байр суурийг илэр­хийлсэн. Тухайлбал, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Нэг нам УИХ-д 65 суудал авсан энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь түүхэн боломж. Энэ бол эрх баригч намын боломжоо ашиглаж хийх ёстой том ажил. Ерөнхийдөө зарчмын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газрын яамдын нэрийг заасныг санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь дэмжсэн байна. Энэ зөв. Харин Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байх асуудлыг дахин авч үзэж, энэ асуудалд эрх баригч намынхан анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ. Үүнтэй санал нэг байгаагаа Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай илэрхийлэв. Тэрбээр “Эрх мэдлийн эрэмбэ, хот, орон нутгийн харилцааны талаар өөрчлөлтүүд орох ёстой гэж үзэж байна. Засгийн газрын үндсэн чиглэлийн таван яамыг нэрлэх нь зөв. Харин Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ. Үүнийг дахин ярилцаж, анхааралдаа авах хэрэгтэй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хүнийг сайдаар томилдог болох хэрэгтэй” гэв.

САНАЛ БОЛГОХ