Ч.Содномцэрэн: Сонгуулийн тухай хууль цоорхойтой байсан

ЗГМ: Тодруулга

Сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан

УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, парламентын босго давав. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Энхболд Сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн саналд тулгуурлан хуульд өөрчлөлт оруулах болсон хэмээн тайлбарласан. Хуулийн төсөлд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд сонгуультай холбоотой саналыг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, УИХ-д хүргүүлнэ гэсэн заалт бий. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо саналаа УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа шүү дээ. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаа. Өнгөрсөн парламентын үед манай байгууллагаас УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахыг дэмжих боломжгүй гэдэг саналаа хүргүүлсэн. Гэвч саналыг хүлээн аваагүй. Сонгууль зохион байгуулах явцад хүндрэл үүссэн. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн зарим заалт дээр будилах зүйл гарсан. Хэрэв УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тус тусдаа бие даасан хуулиар зохицуулбал будилах зүйл гарахгүй.

Үүнээс гадна Сонгуулийн тухай хуульд зарим зүйл заалтыг орхигдуулсан тал бий. Сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа хүмүүсийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн атлаа хилийн цэргийнхнийг бүртгэх, эсэх нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл, хуулийн цоорхой үүссэн. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр үүнийг засаж байгаа.

» Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаа.

» Хэрэв УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тус тусдаа бие даасан хуулиар зохицуулбал будилах зүйл гарахгүй.

» Уг зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүн л Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэсэн заалт дээрх хуулийн төсөлд байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Хуулийн төсөлд тийм заалт байхгүй. Тэгээд ч ийм заалт тусщгах нь Үндсэн хуулиараа боломжгүй. УИХ-д суудалтай улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгасан байгаа. Үүнийг ч Үндсэн хуулиараа хуульчилсан шүү дээ. Уг хуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалт бий.

-Өнгөрсөн парламент сонгууль болохоос сарын өмнө тоглоомын дүрэмдээ өөрчлөлт оруулсан нь маргаан дагуулсан. Энэ удаагийн хуулийн төсөлд үүнийг хэрхэн шийдэхээр тусгасан байгаа вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид ажигласан. Сонгуулийн дүн гарсны дараа тайлан гаргасан. Энэхүү тайланд сонгууль товлон зарласнаас хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу гэдгийг дурдсан байдаг. Энэ алдаагаа засах хэрэгтэй гэдгийг ч зөвлөмжиндөө заасан. Уг зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан. Энэхүү саналыг манай байгууллагаас гаргасан.

САНАЛ БОЛГОХ